Жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон тэмдэглэдэг.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн болон Баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчдад гэрийнх нь гадна хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар томилогдсон бүрэлэдхүүн "Эх орны дайчид" төрийн бус байгууллагатай хамтран өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо амьдарч байгаа дайнд оролцсон ахмад дайчдад гэрийнх нь гадна очиж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулсан.
Тэгвэл энэ ёслол хөдөө орон нутагт ч үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд 18 аймагт, 31 ахмад дайчинд хүндэтгэл үзүүлэх юм. Тухайлбал өчигдөр буюу "Ахмадын баяр"-ын өдрөөр нийслэл хотноо орон нутгаас ирээд байгаа зарим ахмад дайчинд хүндэтгэл үзүүллээ.
1. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас нийслэл хотноо хүрэлцэн ирээд буй 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Тогоочийн Лувсансүхэд хүндэтгэл үзүүлсэн юм.
2. 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Намсрайн Пүрэвжалба, түүний хань Цэвээнжавын Халтар нарт хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Дундговь аймгийн Дэрэн сумаас нийслэл хотноо ирж өвөлжиж буй ажээ.
3. Баруун хилийн тулгаралтад оролцож явсан ахмад дайчин Батчулууны Ядамсүрэн гуайд хүндэтгэл үзүүллээ. Дархан-Уул аймгаас зээ хүүгийндээ ирж өвөлжиж буй дайнд оролцсон ахмад дайчинд ЗХЖШ, "Эх орны дайчид" төрийн бус байгууллага, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ЦДБЭЧ, Монгол цэргийн музей, Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас томилогдсон цөөн тооны бүрэлдэхүүн халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахиулан энэхүү ёслолын ажиллагааг зохион байгуулав.
4. Баян-Өлгий аймгаас нийслэл хотноо түр хугацаагаар ирээд буй Баруун хилийн тулгаралтад оролцож явсан ахмад дайчин Бүркитбайн Сейлханд хүндэтгэл үзүүлэх ёслолыг зохион байгууллаа.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө Баруун хилийн тулгаралтад оролцож явсан тэрээр 100 шахам насандаа өөрийн амьдрал, үйл ажиллагааны талаар ном бүтээгээд тэрхүү номоо хэвлүүлэн яваа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )