ГЕГ-аас 2.1 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын  Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын дарга Б.Сүхбаатар мэдээлэл хийлээ. 

Гаалийн ерөнхий газар 2021 оны эхний есөн сарын байдлаар 776 зөрчил илрүүлж, 2,1 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ. 

Мөн 1,2 тэрбум торгууль оногдуулсан бол 37,9  сая төгрөгийн үнэ бүхий барааг улсын орлого болгохоор түр саатуулж, 56,8 сая төгрөгийн үнэ бүхий барааг хураасан аж.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлээр энэ оны эхний хагас жилийн байдлаар 2407 мэдүүлгээр 7,5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө гаалийн мэдүүлэгт бүртгэгдэж, хилээр гарах чиглэлд 1312 мэдүүлгээр 6,6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, орох чиглэлд 1095 мэдүүлгээр 842,4 сая төгрөгтэй тэнцэх валютын мэдүүлэг бүртгэгдсэн аж. Хилээр гарах чиглэлд 133,7 мянган юань буюу 58,9 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Үүнийг хураан авч, 8,8 сая төгрөг торгууль ногдуулжээ.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хуулиар 15 сая төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх, түүнээс дээш хэмжээний валют биедээ авч явж байгаа тохиолдолд энэ тухай гаалийн мэдүүлэгт бичих үүрэгтэй. Энэ заалтыг мэдэхгүйгээр зөрчилд холбогдож, бэлэн мөнгөө хураалгах торгуулах тохиолдол ажиглагдаж байгаа аж. 

2021 оны наймдугаар сарын 9-нд улс хоорондын шуудан илгээмж ашиглан 1 кг мөс нэвтрүүлэхээр завдсан хэргийг мөн ГЕГ илрүүлсэн байна. Энэ бодис нь маш хүчтэй үйлчилгээтэй, хоруу чанар өндөртэй бодис аж.

Гааль, тагнуулын байгууллагын хамтарсан арга хэмжээний үр дүнд Турк улсаас оруулж ирсэн 50,5 алт, монет, мөнгөн эдлэл, Энэтхэгээс оруулж ирсэн 4,1 кг алт, монет, мөнгөн эдлэл, БНСУ-аас оруулж ирсэн 5,9 кг алт, монет, мөнгөн эдлэлийг илрүүлжээ.

Эдгээр үнэт эдлэлийг 18 иргэн, 21 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр импортолсон ба 171,3 сая төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Зарим онцлох зөрчил гэвэл, Өмнөд Солонгосоос ирсэн зорчигч биедээ 5,9 кг монет авч орохыг завдсан тул 30,9 сая төгрөгийн татвар, 15,4 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.  Турк улсаас ирсэн Монгол Улсын иргэн 22,6 кг алт, монет, мөнгөн эдлэл оруулж ирэхийг завдсан тул мөн 40,1 сая төгрөгийн татвар, 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. 

Түүнчлэн Гар утасны дотоодын үйлдвэрлэгч гэх “Эхлэл” брэнд 175,9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн талаар тэрбээр мөн мэдээллээ. 

"Монголд үйлдвэрлэсэн" гэх тодотголтой "Hulan-21" гар утас нь БНХАУ-д үйлдвэрлэсэн "Doogee x96 pro" гэх гар утас болохыг ГЕГ-аас мэдэгдлээ.

Уг бүтээгдэхүүнийг импортлохдоо гар утасны сэлбэг, хэрэгсэл гэж худал мэдүүлсэн нь зөрчилд тооцогдож байгаа аж. Хэрэв зөрчил гаргасан иргэн торгуулиа төлбөл хураагдсан бараа бүтээгдэхүүнийг эргүүлэн олгохыг Гаалийн ерөнхий газраас мэдэгдээд байна. Эдгээр иргэд импортын бүтээгдэхүүнээ гар утас, дагалдах хэрэгсэл гэж салган мэдүүлж, 175,9 сая төгрөгийн татвараас зайлсхийхийг завдсан тул хэргийг прокурор шалгаж эхэлжээ. 

    

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гийчин(202.55.191.194) 2021 оны 10 сарын 05

Эхлэл ийн залуу худалч хуурамч бузар залуу байна шдээ. Ариун цагаан хөдөлмөр эрхэлж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж байна гэж бодож байлаа.

0  |  0
Top