"Hulan-21" гар утас нь БНХАУ-д үйлдвэрлэсэн "Doogee x96 pro" болохыг ГЕГ-аас мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Гар утасны дотоодын үйлдвэрлэгч гэх “Эхлэл” брэнд 175,9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын дарга Б.Сүхбаатар мэдээлэл хийлээ. 

"Монголд үйлдвэрлэсэн" гэх тодотголтой "Hulan-21" гар утас нь БНХАУ-д үйлдвэрлэсэн "Doogee x96 pro" гэх гар утас болохыг ГЕГ-аас мэдэгдлээ.

Уг бүтээгдэхүүнийг импортлохдоо гар утасны сэлбэг, хэрэгсэл гэж худал мэдүүлсэн нь зөрчилд тооцогдож байгаа аж. Хэрэв зөрчил гаргасан иргэн торгуулиа төлбөл хураагдсан бараа бүтээгдэхүүнийг эргүүлэн олгохыг Гаалийн ерөнхий газраас мэдэгдээд байна. Эдгээр иргэд импортын бүтээгдэхүүнээ гар утас, дагалдах хэрэгсэл гэж салган мэдүүлж, 175,9 сая төгрөгийн татвараас зайлсхийхийг завдсан тул хэргийг прокурор шалгаж эхэлжээ. 

Гаалийн ерөнхий газар 2021 оны эхний есөн сарын байдлаар 776 зөрчил илрүүлж, 2,1 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ. 

Мөн 1,2 тэрбум торгууль оногдуулсан бол 37,9  сая төгрөгийн үнэ бүхий барааг улсын орлого болгохоор түр саатуулж, 56,8 сая төгрөгийн үнэ бүхий барааг хураасан аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.107.116) 2023 оны 03 сарын 28

Угаасаа ойлгомжтой ш дээ. Манай улсад гар утасны битгий хэл халбага, сэрээний ч үйлвэр алга.

7  |  0
Top