Бээжин нүүрсний уурхайнуудаа бүрэн чадлаараа ажиллахыг үүрэг болгожээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Хятадын эрх баригчид  эрчим хүчний хямралтай тэмцэхийн тулд жилийн турш бүрэн хүчин чадлаараа нүүрс олборлохыг төрийн өмчит уурхайнууддаа үүрэг болгожээ. Өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон шуурхай хуралдааны үеэр тус улсын эрх баригчид дотоодын нүүрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь хамгийн зөв гарц гэдгийг онцолсон байна. БНХАУ-ын Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний болон нүүрс олборлогч  компанийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзжээ.

Дэлхийн хоёр дахь том эдийн засгийг хамраад буй эрчим хүчний хямралын улмаас БНХАУ 20 орчим бүс нутагт цахилгаан эрчим хүчний хангамжаа хязгаарлах шаардлагатай болсон билээ.  Тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд бүхий л боломжоо ашиглана гэдгээ мөн тодотгосон байна. Түүнчлэн Хятадын эрчим хүчний хямрал  зарим түүхийн эдийн ханшийг түүхэн дээд хэмжээнд хүртэл өсөхөд хүргээд байгаа юм. Тиймээс БНХАУ-ын эрх баригчид энэ онд эрчим хүчний аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарал хандуулж магадгүй гэдгийг ажиглагчид онцолж байна.

Ирэх хоёрдугаар сард Бээжин Өвлийн олимп зохион байгуулна. Тус улс уурхайнуудын жилийн үйлдвэрлэлд квот тогтоох байдлаар нүүрсний үйлдвэрлэлийг хянадаг. БНХАУ чулуужсан түлш үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч хэвээр байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд жилд ойролцоогоор 3.8 тэрбум тонн нүүрс боловсруулсан нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн бараг тал хувийг эзэлж байна. Түүнчлэн тус улсын цахилгаан эрчим хүчнийхээ 70 орчим хувийг нүүрснээс гаргаж авдаг.

Нүүрс нь 1980-аад оноос хойш Хятадын эдийн засгийн огцом өсөлтийн гол тулгуур болсон боловч агаарын бохирдол огцом өссөнтэй холбоотойгоор тус улс нүүрснээс аль болох татгалзахыг эрмэлзэх болсон юм. БНХАУ-ын “China Energy Investment Corp” дөрөвдүгээр улиралд жилд олборлох нүүрснийхээ 25 хувийг боловсруулна гэдгээ “WeChat” хаягаараа мэдээлжээ. Тус компани өнгөрсөн 2020 онд 530 сая тонн нүүрс олборлосон байна.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Хятадын нүүрсний фьючерс үнэ  2972 юаньд хүрч дээд амжилт тогтоосон. Үйлдвэрүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, уурхайнуудын гарцын өсөлт удааширч байгаатай холбогдуулан нүүрсний үнэ энэ онд хоёр дахин өсөөд байгаа юм. Түүнчлэн Австралийн коксжих нүүрсний ханш сүүлийн долоо хоногт тонн тутамдаа 410 ам.долларт хүрсэн (FOB нөхцөлтэй үнэ) нь түүхэн дээд амжилтад тооцогдож байна. Хамгийн сүүлд 2011 онд Австралийн гол олборлолт явагддаг Квийнслэнд мужийг хар салхи дайрах үеэр коксжих нүүрсний ханш дээд хэмжээндээ хүрч байсан.

Энэ удаад Хятад гол нийлүүлэгч Австралийн нүүрсний импортод хориг тавьсны сацуу Монголоос импортлох хэмжээгээ үлэмж бууруулсан нь үнэ өсөхөд нөлөөлжээ. Одоо коксжих нүүрс нь ган үйлдвэрлэлийн хамгийн өртөг өндөртэй түүхий эд болоод байна. Харин төмрийн хүдрийн ханш бууралттай байгаа. Үүний зэрэгцээ эрчим хүчний нүүрсний ханш ч 210 тонн ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдож байна. Гэхдээ шинжээчид нүүрсний ханшийн өсөлт удаан үргэлжлэх эсэхэд эргэлзэж буй юм. Ийнхүү нүүрсний ханш дэлхийн зах зээлд өсөх болсон нь үндсэндээ нийлүүлэлтийн хэмжээ буурсантай холбоотойг шинжээчид тайлбарлалаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top