Р.Нандинцэцэг: Жүжигчин хүн өөрийгөө эвдэж байж дүрээ бүтээдэг

2021 оны 10 сарын 07

“Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс юугаараа ялгардаг вэ гэвэл энэрэнгүй чанар, зөөлөн сэтгэл юм” гэж өгүүлэх эелдэг даруухан бүсгүйтэй ярилцсан яриагаа хүргэе. Тэрээр “Хөхөөний үүр”, “Орилоон”, “Дурлалын галт тэрэг”, "Асрагч аав", “Админ Z”, “Гэнэтийн зочид” зэрэг киноны дүрээрээ олонд танигдсан жүжигчин Р.Нандинцэцэг билээ.


-Та ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Уран бүтээлээсээ түр завсарлага авсан. Ойрд реклам, зар сурталчилгаан дээр түлхүү ажиллаж байна. Удахгүй шинэ контент руу орох төлөвлөгөөтэй байгаа.

-Жүжигчин мэргэжлийг сонгоход хамгийн ихээр нөлөөлсөн зүйл нь юу вэ?

-Манай аав хөгжим тоглодог, дуулдаг байсан бол авга эгч маань бүжигчин байлаа.  Гэхдээ олонд танигдсан, урлагаар дагнасан хүн байдаггүй. Хүүхэд бүр л урлагийн хүн болохыг битүүхэндээ хүсдэг байх. Тэр л хүслээрээ анх Соёл урлагийн их сургуулийн босгыг алхжээ.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Миний хүүхэд нас одоо байгаагаасаа тэс ондоо. Дуугүй талдаа даруухан, дотогшоо хүүхэд байлаа. СУИС-д ороод илүү нээлттэй болсон байх. Багаасаа л урлагт дуртай, урлагийн үзлэгтээ тасралтгүй оролцдог авьяастай хүүхэд байсан. Мөн адил хичээлээ хийдэг олимпиад, уралдаан тэмцээнүүдэд оролцоно. Би таван нас хүртлээ Хөвсгөл аймагт амьдарч байв. Хонь, хурга хариулаад л, хөдөөний хүүхдийн хийдэг бүхий л зүйлийг хийдэг байлаа. Тэгээд зургаан настайдаа хотод шилжиж ирээд, арван жилээ ШУТИС-ийн лицей сургуулийг төгссөн. Тэгээд л СУИС-д орсон доо. Уг нь өөр мэргэжилтэй болох гэж байгаад “халтираад” СУИС руу орсон гэхэд болно.

-Гэр бүлээ танилцуулна уу?

-Би айлын бага хүүхэд. Хоёр ах, нэг эгчтэй. Миний аав Говь-Алтай аймгийн хүн байсан. Аав минь намайг их сургуулиа төгсдөг жил бурхан болсон. Ээж минь Хөвсгөл аймгийн хүн. Эгч, ах нар гэр бүлтэй болоод тусдаа гарсан. Би ээжтэйгээ хоёулаа байдаг.

-“Хөхөөний үүр” кинонд үрийнхээ төлөө эх хүний дайчин, хэзээ ч цуцахгүй буцахгүй чанарыг маш чадварлагаар гаргасан. Өөрөө ээж болж амжаагүй мөртлөө энэ дүрд тоглоход хүндрэлтэй байсан уу?

-Эх хүн болох төрөхийн өвдөлтийг мэдэхгүй учраас бичлэг үзэж, төрсөн хүмүүсээс сэтгэгдэлийг нь сонсож судалгаа авч байсан. Төрөхийн өвдөлтийг биеэрээ үзээгүй ч сэтгэл санааны хувьд яг өөрөө төрж байгаа юм шиг мэдрэмжийг авч байсан. Сүүлдээ нуруу, хэвлийгээр нээрэн ч өвдөөд байх шиг болсон шүү /инээв/.

-“Хөхөөний үүр” киноны хамгийн хэцүү зураг авалттай хэсэг аль байсан бэ?

-Би зохиолоо уншиж дуусгаад төрөх хэсгийн зураг авалт хэцүү болно гээд тэр хэсэгтээ анхаарлаа хандуулаад маш их бэлдсэн. Харин Улаанчулуутын хогийн цэг дээр хийсэн зураг авалт их хэцүү санагдсан. Яг тэр орчинд нь очиж хоёр хоног зураг авсан. Тэнд амьдардаг хүмүүсийн хувьд ч харилцаа хандлага их онцгүй байдаг юм билээ. Манай зургийн баг дээр ирээд, намайг харааж, доромжилж байсан. “Чи намайг дуурайж байгаа юм уу. Энэ жаахан хүүхэд байна шүү дээ” гээд л. Тэгээд тэдэнд архи авч өгөөд гайгүй болсон доо.

Мөн Хятадад авсан зураг авалтаас эрдэнэ шишийн талбай дундуур гүйдэг хэсэг их хэцүү байсан. Өвс хатгаад арьс маань түлэгдэж, бас их зүсэгдсэн. Зураглаачийн маань арьс улаан эрээн болчихсон гарч ирсэн. Нэг хэсгийн зураг авалт гэхэд л маш олон давтамжтайгаар хийгддэг шүү дээ. Тэр халуун дулаан уур амьсгалтай газар хурц нартай өдөр мөн ч олон удаа олон километр гүйсэн дээ.

-Жүжигчин хүн дүрдээ ороход сэтгэл зүйн хувьд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?

-Өөрийнхөө сэтгэл зүйг бүрэн өөрчлөх боломжгүй ч чадах чинээндээ өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгж байж л дүрээ илүү сайн мэдэрч орж өгнө. Өөрөөр хэлбэл өөрийгөө эвдэж байж дүрээ бүтээдэг.

-Цаашид ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Түүхэн киноны дүрд тоглохыг хүсэж байна. Мөн эсрэг талын дүр байж болох юм. Ер нь бол өөрөөсөө өөр дүр бүтээмээр байна.

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн уран бүтээлд оролцсон бэ?

-Оюутан байхдаа “Орилоон” гээд аймшгийн кинонд анхны гол дүрээ бүтээж байсан. Би ер нь кино проб өгч үзээгүй. "Хөхөөний үүр" киноны найруулагч нь миний өмнө нь тоглож байсан “Орилоон” киноны найруулагч байсан. Миний жүжиглэлт, бүх зүйлийг мэддэг болохоор “Чи ийм кинонд тоглох уу. Хятадад нэг сар зураг авалтад орно. Чадах уу” гэж санал тавиад анх дүрээ авч байсан. Мэдээж тэр хугацаанд өөрийгөө их бэлдсэн. Түүнээс хойш контент болон бүрэн хэмжээний 12 кинонд дүр бүтээсэн  байна.

-“Орилоон” киноны зураг авалтын үед жинхнээсээ айж сандарсан явдал гарч байв уу?

-Байлгүй яахав. Энэ киног Батсүмбэр сумын хаягдсан балгас дотор хийсэн. Тэнд баг хамт олноороо долоо хоног байсан. Харанхуй, хүнгүй барилга сүнстэй л юм шиг санагдаж билээ.

-Танд үлгэр дуурайл авдаг, хүндэлж явдаг ямар уран бүтээлч байдаг вэ?

-Би яг тэр хүнээс үлгэр дуурайл авдаг гэж нэрлэмээргүй байна. Бүх л хүний сайхан зан чанарыг хараад түүнээс нь суралцдаг. Надад маш өөдрөг, юу ч болсон ямар ч зүйлийг хөнгөн давж чаддаг хүчтэй хүн маш их таалагддаг.

-Ямар зан араншинтай хүнд дургүй вэ?

-Хүнийг хүндэлдэггүй хүнд дургүй. Ер нь хүн ямар ч байж болно хувийн орон зай руу нь л халдах ёсгүй. Өөрөө амжилтанд хүрсэн ч байж болно, хүрээгүй ч байж болно. Өөрөөсөө дор хүмүүсийг дээрэлхдэг хүмүүст дургүй.

-Амьдралдаа авч байсан хамгийн нандин бэлэг?

-Миний амьдралдаа авч байсан хамгийн нандин бэлэг бол анх удаа хүнтэй үерхэж байхдаа авсан бөгж байдаг юм. Хамгийн их сэтгэлийг минь догдлуулсан, цагаахан сэтгэл шингэсэн бэлэг байсан болохоор нандин гэж хэлнэ.

-Хобби болгож цуглуулдаг болон хамгийн их нандигнан хадгалдаг зүйлээ нэрлээч?

-Хүүхэд байхдаа өмсдөг байсан хувцас минь үнэ цэнэтэй санагддаг. Бага байхын л юм хаяж чаддаггүй хүүхэд байсан. Багадаа өмсдөг байсан зарим хувцас минь одоо өмсөхөөр таараад байдаг. Нандигнаж хадгалдаг зүйл гэвэл гэр бүлийн минь хүмүүжил юм даа.

-Эмэгтэй хүнд заавал байх ёстой зан чанар юу вэ?

-Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс юугаараа ялгардаг вэ гэвэл энэрэнгүй чанар, зөөлөн сэтгэл юм. Аливаа зүйлд өс санадаггүй, бусдын алдааг энэрэн уучилдаг зан чанар эмэгтэй хүнд хэрэгтэй. Хүмүүс гаднах төрхөөр нь хүнийг их дүгнэдэг. Намайг их гэнэн цайлган, зовлон үзээгүй гэж хардаг байж магадгүй. Би хувь хүн тал дээрээ арай өөр гэж хэлмээр байна. Хүний амьдрал харагдаж байгаа шигээ биш шүү дээ. Ер нь бол амьдралдаа олон зорилго тавьсан, хүчирхэг эмэгтэй болохоор зорьж яваа эмэгтэй байна даа.

-Сэтгэлээр унах ч юм уу ганцаардах үедээ өөртөө юу гэж хэлэх дуртай вэ?

-Өөртөө итгэж, өдөр бүр хөгж гэж өөртөө хэлэх дуртай. Хүн ер нь сайн тал руугаа өдөр бүр өөрчлөгдөж байх хэрэгтэй. Өөртөө л аз жаргалтай байж, зөв замыг сонгоод сэтгэл хангалуунаар амжилтанд хүрэхийг эрмэлздэг дээ.

 

Л.ХОНГОРЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Spielberg(73.37.19.86) 2021 оны 10 сарын 09

Jujigchin hun yah ve nairuulagch gej hun l huniig sain jujichchin bolgodog. Sain nairuulagch yavarch zevtei tumuriig alt bolgono. Hollywoodees harahad.

0  |  0
Zochin(103.57.95.219) 2021 оны 10 сарын 09

Tsarai muutai, huduu turhtei urlagn ner zuusen huuhnuud nemegdeed l bdg...\n\n\n\n\n\n

0  |  1
O(122.210.133.193) 2021 оны 10 сарын 08

Hodoonii humuus eer duurchee. Ub hot maani

0  |  0
Иргэн(103.57.95.55) 2021 оны 10 сарын 07

Мэдрэмжтэй ухаалаг царайлаг гуалиг хөдөлмөрч манай залуу үеийн сайн жүжигчин .ийм залуусаа дэмжиж сайхан уран бүтээлд зүтгүүлэх хэрэгтэй тэгвэл урлаг соёл маань улам хөгжиж үзэж харах юмтай л болно

0  |  0
Энжи(103.212.117.131) 2021 оны 10 сарын 09

За зайлах түлээ минь

0  |  2
Top