САНСАРТ ниссэн АНХНЫ эмэгтэй жүжигчнээр яагаад Юлия Пересильдийг сонгосон бэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

- ОХУ дэлхийд анх удаагаа сансарт кино зураг авч байна -

2021 оны аравдугаар сарын 5-нд Оросын жүжигчин Юлия Пересильд сансарт ниссэн билээ. Жүжигчин сансарт ниссэн гэдэг өгүүлбэрийг хараад уншигч та буруу уншчихав уу гэж бодож магадгүй. Гэхдээ та зөв уншсан. ОХУ дэлхийн тойрог замд кино зураг авч байгаа юм.

Энэхүү материалд чухам яагаад Юлия Пересильдийг сансар руу илгээхээр сонгосон талаар өгүүлнэ. Түүнийг сансарт ниссэн дэлхийн анхны жүжигчин болоход нь юу туслав?

Жүжигчин Юлия Пересильд болон найруулагч Клим Шипенко нар сансрын нисэгч Антон Шкаплеровын хамт аравдугаар сарын 5-нд Москвагийн цагаар 11:55-д “Союз МС-19” хөлгөөр Байконур сансрын станцаас хөөрсөн юм. Сансрын нисэгч Антон Шкаплеров мөн сансарт бүтээх кинонд тоглох үүрэг хүлээжээ.

Тэд дэлхийн тойрог замд байрлах Олон улсын сансрын станцад 12 хоног ажиллаж, сансарт бүтээсэн дэлхийн анхны уран сайхны кино “Сорилт”-ын зургийг авна. Олон улсын хэвлэлүүдэд “Оросууд сансарт уран сайхны киноны зураг авалт хийх өрсөлдөөнд АНУ-аас нэг алхам түрүүлж чадлаа” гэж мэдээлж байгаа юм. АНУ жүжигчин Том Крузыг оролцуулан НАСА-тай хамтран сансарт кино бүтээхээр төлөвлөж байсан ч ОХУ өрсөж чадлаа.

“Киноны үйл явдал сансрын нисэгч биш, жирийн эмэгтэй эмч сансрын нисэгч нарын амийг аврахаар сансарт нисэж байгаагаар эхэлнэ” хэмээн найруулагч Клим Шипенко ярьжээ. Клим энэ төсөлд зөвхөн найруулагч бус зураглаач, зураач, гэрэлтүүлэгч... гээд олон үүрэг гүйцэтгэнэ. Юлия киноны хувцас, нүүр будгийг өөрөө хариуцна. Сансрын хөлөгт тун цөөхөн гоо сайхны хэрэгсэл авч явахыг зөвшөөрчээ.

Жүжигчин бүсгүй “Би юу авч явахаа удаан бодож сонгосон. Дэлгүүрт ороод юу хэрэгтэй байгаагаа тайлбарлахаар оролдоход дэлгүүрийн зөвлөх ойлгохгүй, би үгээ сонгож чадахгүй байсан. “Та ойлгож байна уу, би сансарт хэрэглэх косметик сонирхож явна” гэж хэлэхэд зөвлөх надаас шууд холдсон” гэж ярьжээ.

Маш өвөрмөц энэхүү төсөл асар их хөрөнгө оруулалт шаардана. Сансарт бүтээх анхны кинонд улсаас 400 сая орчим рублийн хөрөнгө оруулалт хийжээ.

Яагаад Юлия Пересильд гэж?

 

Юлия Пересильдэд энэхүү түүхэн боломж хэрхэн олдсон талаарх асуулт олон хүний сонирхлыг татаж байгаа байх. Түүнд юу тус болов? Жүжигчин бүсгүй 2.5 мянган бүсгүйгээс сонгогдсон гэсэн яриа байгаа аж. Бүсгүйчүүдийн авьяасаас гадна биеийн эрүүл мэндийг нь харж сонгожээ. Эргээд харах юм бол, Юлия энэ тасалбарыг зүгээр ч нэг хожоогүй бөгөөд ямар нэгэн утгаараа тэр сансарт нисэх тасалбарыг зовж олсон гэдгийг ойлгох болно.

Пересильд Псков мужид хамгийн эгэл жирийн гэр бүлд төржээ. Түүний аав нь бурхан зураач, ээж нь цэцэрлэгийн багш. Ирээдүйн жүжигчний аав ямар ч ажлыг хийдэг байсан бөгөөд энэ нь түүний амь насыг авч оджээ. 1990-ээд онд түүнийг хөнөөж, гэрт нь дээрэмчид орж ирсэн байна.

Айдаст автсан ээж нь цагдаад мэдэгдэхээс эмээж, харин Юлия хувь тавилангаа гартаа авах ёстойг ойлгожээ. Охин 14 настайдаа ажил хийж эхлэв. Тэр үеэсээ л Юлия жүжигчин болохыг мөрөөдөж, сургуульд байхдаа театрын дугуйланд тоглож, сургуулиа төгсөнгүүт Москваг байлдан дагуулахаар явжээ. Харамсалтай нь, Юлияг театрын сургуульд авсангүй. Тэр төрөлх хот руугаа буцаж, нэг жилийг өнгөрүүлжээ. Гэвч тэр жүжигчин болох зорилгоо орхиогүй юм. Пересильд хоёр дахь оролдлогоороо Европын томоохон урлагийн их сургуулийн нэг болох Оросын театрын урлагийн сургуульд орж чаджээ. Пересильдийн тэвчээрт хязгаар гэж үгүй. Өнгөрсөн он жилүүдэд тэрбээр 70 гаруй кинонд тоглож, олон том шагналын эзэн болсон юм.

Сансарт кино бүтээх түүхэн төсөлд Юлия багтсан тухай цухас дурдахад ийм.

Нөлөө бүхий хүрээлэл

 

Юлияд сансарт нисэх азтай тасалбарыг авахад нөлөө бүхий эр, түүний хоёр охины аав, нэртэй найруулагч Алексей Учитель тусалсан гэсэн яриа сошиалаар гарсан. Бас үүнийг үгүйсгэж, Юлияг тэрбумтан Роман Абрамовичийн тусламжтайгаар сансарт нисэх тасалбар авсан гэж ярих хүмүүс ч байна. 2020 оноос Юлияг Роман Абрамовичтой холбох болсон юм. Жүжигчин бүсгүйг Олон улсын сансрын станцад очиход Абрамович тусалсан байхыг үгүйсгэхгүй.

Юлияд тусалсан байж магадгүй хүмүүсийн дотор Алла Пугачевагийн нэр ч бий. Алла 1977 онд супер од байхдаа Байконурт очиж байсан юм. Гэхдээ Пугачева сансарт бүтээх кинонд жүжигчин сонгоход нөлөөлж чадахгүй гэж үзэх хүмүүс ч байна. Энэ таамаглал Алла Борисовна Юлияд халуун дулаан үг бүхий видео бичлэг илгээсний дараа хүчээ авчээ.

Дэлгэрэнгүй...

 

Жүжигчин, найруулагч хоёр сансарт нисэхийн тулд маш их бэлтгэл хийжээ. Шүхэр хэрэглэх дасгал, төвөөс зугтаах хүчний сорил, чичиргээнд, жингүйдэх нөхцөлд хөвөх, аммиакийн масктай бэлтгэл... Дахиад хийн багтай 4-6 цагийн бэлтгэл... Хоёр жилийг ерөнхий бэлтгэлд, тусгайлан дөрвөн сарыг сансарт нисэх бэлтгэлд зориулсан тухай Юлия Пересильдийн орлон тоглогч ярьжээ.

Гагарины нэрэмжит сансрын нисэгчдийн бэлтгэлийн төвд Олон улсын сансрын станц руу нисэх бэлтгэлээ хийсэн Юлия Пересильд, Клим Шпипенко нар Олон улсын сансрын станцад очих үндсэн багийн гишүүнээр сонгогдсон. Харин кино багийн бусад гишүүд эх дэлхийдээ ажлаа үргэлжлүүлнэ.

Юлия, Клим нарыг сансрын нисэгчдийн бэлтгэлийн төвд нисгэж, жингүйдэлд идүүлж, уулгаж, хөлгийг удирдуулж сургажээ. Жүжигчин, найруулагч хоёр сансрын нисэгч Шкаплеровт хөлгийг удирдахад тусална.

Юлияг сансарт нисэхээс өмнө сошиалаар "Түүний биеийн байдал нь сансарт нисэхэд тэнцэхгүй", "Мэргэжлийн бус хүнийг Олон улсын сансрын станц руу илгээх буруу", "Хэн дуртай нь сансарт нисдэггүй", "Олон жилийн бэлтгэл, туршлагатай мэргэжлийн хүн сансарт нисэхээ байчихсан юм уу" зэргээр сошиалаар шүүмжлэл их явсан ч одоо бүх хүнд хэцүү зүйл ард үлдэж, Пересильд сансарт ажиллаж байна.

Түүхэн төсөлд оролцох болсон талаараа Юлия сэтгэл хөдлөн ярьж байна. Бас огтхон ч айдасгүйгээр тэр “Жингүйдэлд эхний хоёр секунд л аймаар. Дараа нь хязгааргүй боломжууд... Тэгсэн ч гэсэн би романтик охин. Хүмүүс яагаад шувууд шиг нисдэггүй юм бэ” гэж ярьжээ.

Сансарт бүтээх анхны киноны зураг авалт аль хэдийнээ эхэлжээ. Тэд сансарт 12 өдөр ажиллаад мэргэжлийн сансрын нисэгч Олег Новицкийн хамт “Союз МС-18” хөлгөөр эх дэлхийдээ буцаж ирнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А(66.181.161.27) 2021 оны 10 сарын 10

Чадаж байгаа хүнийг үргэлж хэл ам дагаж байдаг. Хичээгээрэй охин минь. Мундаг болохоор нь л чамайг сонгосон.

2  |  0
Мундаг (103.212.118.206) 2021 оны 10 сарын 10

Гоё юм.

4  |  0
Top