Монголд хүн шоронгоос оргох тохиолдол цөөхөн дөө. Хааяа хөнгөн ялтай ялтнуудыг намар төмс, байцаа хураалтанд ажиллуулж байгаад ганц нэгийг алдчихсан явдал бол гардаг байсан. Бараг хоногт нь л бариад авна. Гэхдээ ийм орголт гараагүй олон жил өнгөрчээ. Гэтэл уржигдар /2021.10.06/ шөнө Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги руу хэсэг залуус очоод, баривчлагдсан хүн булаагаад явчихжээ гэдэг мэдээлэл гарав. Цагтаа Монгол орон хямралтай, улсын төсөв хүнд байхад олон тэрбум төгрөгөөр баригдаж байсан, манайдаа л хамгийн супер шоронгоос гар нүцгэн хэдэн хүн гэмт хэргийн сэжигтэн булаагаад гарчихна гэдэгт хэн итгэх вэ. Шоронгоос байтугай эрүүлжүүлэхээс оргосон эр хүн ховор шүү дээ.
Ийм явдал кинон дээр л гардаг байх гэж бодтол үнэн болж таарлаа. Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд мэдээлэл хийж Д.Монголхүү гэх хүнийг удаа дараа цагдаагийн биед халдсан хэргээр хойшлуулашгүй ажиллагаа явуулж баривчилсан тухай хэлэв. Мөн тэрбээр “Аравдугаар сарын 5-ны өдөр хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагаа явуулж, иргэн Д.Монголхүүг баривчилсан. Тухайн өдрийн шөнийн 2.30 цагт иргэн Э.Одбаяр болон бусад иргэд шүүхийн шийдвэр биелүүлэх 461 дүгээр анги буюу улсын онцгой объект руу халдаж, гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг хүч хэрэглэн авч явсан. Иргэдийн үг хэлэх эрх нь нээлттэй боловч зориудаар цагдаагийн байгууллагын алба хаагчийг үг хэлээр доромжлох, биед халдаж байгаа нь удаа дараа давтагдаж байна” гэж гомдолложээ.
Удалгүй 461 дүгээр ангиас хэрхэн хүн булааж авсан бичлэг цахим орчинд цацагдсан юм. Түүнд дүрслэгдэж буйгаар бол эрэгтэй, эмэгтэй нийлсэн арав хүрэхгүй хүн 461 дүгээр анги руу ороод “Хүнээ авмаар байна. Танай энд байгаа” гэх зэргээр хашгиралдах аж. Хариуд нь хорих ангийн албан хаагч “Тийм хүн ирээгүй. Та нар одоо гар” гэх зэргээр нүдэн будилав. Гэтэл нөгөө хэд нь “Тэнд байгаа. Ороод авна. Алив яваарай” хэмээн орилолдоод дотогшоо хаалга руу нь чихцэлдэн нэвтрээд дундаа нэг хүнийг тэврээд гараад явчих аж. Энэ зуураа бас “Та нар ном журмаар нь баривчлаарай. Бид очдог газар нь очно” гэх зэргээр бахиралдах юм. Аанай л баруун аймагт бэр богтлох ёс заншил болж буй мэт байна лээ. Цагдан хорих анги өрөвдөлтэй ч харагдсаныг хэлэх үү. Нэг тийм уушийн газар бөөнөөрөө орсон хүмүүс агсам тавихаар хичээлийнхээ хажуугаар хамгаалагч хийж байсан оюутан залуу орох байх газраа олж яддаг даа. Түүн шиг төрийн албан хаагчид маань бүлтийсээр хоцорч байна лээ.
Тэгэхээр нэг зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. 461 дүгээр анги бол арай ч ингэж элэг бариулах газар биш ээ. Тэнд ажилладаг албан хаагчид нь байнгын бэлтгэлтэй, манай улсын шилдэг залуус юм. Ердөө өнгөрсөн сарын 14-16-ны хооронд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн инженер, камержуулалтын 57 албан хаагчид “Харуул хамгаалалтын ажилтнуудын хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх” тухай сургалт орсон байдаг. Ийм төрлийн сургалт тэнд бараг сар болгон болдог юм билээ. Гэтэл хэдэн зуун албан хаагчтай, тэд нь дотоод гадаадад цэргийн бэлтгэл эзэмшсэн газраас хүн аваад гарахад саад тээг алга гэж үү. Хамгийн сүүлийн үеийн тоноглолтой энэ шоронд очихын тулд задгай талбайгаар найман метр өргөн, 600 метр замаар явж очих болно. Хашааг нь нээж өгөхгүй л бол орох аргагүй. Гаднаа дүрс бичлэгийн сүүлийн үеийн камертай, гадаах хийгээд доторх харуул нь бүрэн зэвсэгтэй юм шүү дээ.
Нударга зангидсан хэдэн хүн дайраад орчих нь битгий хэл олон улсад мэргэжил дээшлүүлсэн өч төчнөөн өмгөөлөгчтэй, хөрөнгө зоорьтой, улс төрд нөлөөтэй хүн ч тэнд эргэлт авч чадалгүй хоригдсоор, бие нь муудсаар нас барж байсан юмдаг. Монголдоо хамгийн харуул хамгаалалт сайтай болохоор энэ ангид С.Зоригийн хэрэгт холбоотой сэжигтэнүүдийг хорьж байлаа. Ямарч аймшигтай хэрэг хийсэн бай, хэдэн хүн удирддаг, хэнд ямар ч нөлөөтэй байлаа гэсэн тэнд очсон бол тэгээд дуусна. Тийм болохоор ШШГЕГ-ынхан ичсэн үү яасан өчигдөр бас өөр тайлбар өгчээ. Тодруулбал, ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461 дүгээр ангийн Цагдан хорих байрнаас хүн авч гарсан гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд тус ангийн шалган нэвтрүүлэх байрны иргэд хүлээж авах хэсэгт иргэд, өмгөөлөгч, Цагдаагийн байгууллагын алба хаагчдын хооронд маргаантай асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж хэвлэлд мэдээлсэн байна лээ.
Бичлэг нь задарсан, ЦЕГ-ын дарга нь илчилсэн явдлын араас ингэж хэлээд юу ч өөрчлөгдөхгүй. Өнөө шоронгоос хүн булаасан, булаалгасан гээд байгаа Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг нь өчигдөр хийсэн хэрэгт нь нэг сарын хугацаанд цагдан хорих ял шүүхээс өгсөн байна лээ. Прокуророос яллагдагч Э.Одбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр буюу “Урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэдэг үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шүүхэд хандсан гэхээр ойлгомжтой биз. Эндээс бас нэг хачирхалтай зүйл ажиглагдаад байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, прокурор, шүүхийн хооронд уялдаа холбоогүй, тус тусын тоглолт яваад байгаа нь юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэн болохоор “Та нарыг хүн баривчилж ирээгүй л гэж бодсон” гээд өгөөд явуулчихсан. Цагдаа нь “Баривчлаад явуулсан хүнийг шоронгоос булаачихсан байна” гэх мэтийн явдал болсон мэт төсөөлөгдөж байна. Хамгийн гол асуудал бол цагдаа баривчлах гэж баривчилсныг, шүүхийн шийдвэрийнхэн суллах гээд суллачихлаа (гаргаж явуулахгүй байх хангалттай хүч тэнд бий гэдэг талаасаа шүү дээ). Гол нь энэ явдал Монголын нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж болох юм байна гэсэн сэдэл өглөө. Хэн дуртай нь гар утсаараа дүрс бичлэг хийгээд хуулийнхныг бүр цаашилбал хаалттай хорих ангийг хүртэл сүрдүүлж болно гэсэн итгэлтэй болж байна. Энэ хожим их сургуулийн хичээлийн жишээнд ордог нэг ичгүүртэй баримт болж үлдэнэ. Тийм болохоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиасаа хүн алдаж байвал ичиг, ичиг гээд байгаа юм.
С.СҮЛД
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Төр төмөр биш улцан нүүртэй л болж.
Ийм газарлуу ойртвол шууд буудах ёстой аль ч улсад
Энэ хүний санаанд оромгүй арчаагүй жүжиг нь өөр нэг маш чухал асуудлаас холдуулж араар нь түүнийгээ батлуулах эсвэл үүгэээр далимдуулж эвгүй болгоныг хомроглон баривчлах үүдийг нээх...ийм юм харагдаж байна !!!!!