Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай үндэсний бөхийн Лигийн барилдааны талаар ярилцлаа.
-Цар тахлын нөхцөл байдалд барилдаан зохион байгуулахад хэр хүндрэл учирч байна вэ?
МҮБХ байгуулагдсан цагаасаа үндсэн эрх, үүргийнхээ дагуу бөхийн барилдаануудаа зохион байгуулсаар ирлээ. Дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын улмаас үндэсний бөх гэлтгүй, спортын уралдаан, тэмцээнүүдийн цар хүрээ хумигдсанаар бөхийг үздэг залуус үзэх, харах зүйл бага болж, нийгмийн бухимдал газар авч, дагаад янз бүрийн сөрөг талууд ч маш их болж байна.
-Үндэсний бөхийн анхдугаар лигийн барилдааны сугалаа ням гаригийн орой ТВ-8 телевизээр бөх сонирхогч, үзэгч олонд хүрлээ. Барилдааны нэрнээсээ авахуулаад содон шинэлэг энэхүү барилдааны талаар тодруулна уу?
Үндэсний бөхийг үзэгчдэд сонирхолтой, шинэлэг болгохын тулд МҮБХ байнга эрэл хайгуул хийдэг. “Хил хязгааргүй спорт” ТББ-аас санаачилсан монгол үндэсний бөхийн лигийн барилдааныг анх удаа хийх гэж байгаадаа таатай байна. Энэ барилдаан нь барилдааны дүрэм, зохион байгуулалт, сугалаа гээд урд өмнө нь хийгдэж байгаагүй, үнэхээр шинэлэг хэлбэрийн барилдаан юм.
-Аливаа зүйлийг, ялангуяа спортын тэмцээн, уралдааныг тогтвортой сайн хийе гэвэл санхүүжилт маш чухал. Байнгын түнш байгууллагынхаа талаар?
Монголоо гэсэн сэтгэлтэй, спортод элэгтэй үе үеийн, олон бизнесменүүд монголын үндэсний их өв соёл болсон үндэсний бөхөө бүх цаг хугацаанд дэмжсээр ирсэн. Үүний нэг тод жишээ нь Х.Мандахбаяр захиралтай “Эрхэт Монгол” группийн хөдөлмөрч хамт олон юм. Манай холбоо санаачлагч болон ерөнхий ивээн тэтгэгч байгууллагуудтайгаа дөрвөн жилийн хугацаанд тогтвортой ажиллах, гурван талт гэрээг байгуулсан учраас барилдааны шагналын сангаас эхлээд санаа зовох зүйл, хүндрэл багатайгаар сар бүрийнхээ лигийн барилдаанаа хийгээд явна. Хамгийн гол нь лигийн гэдэг үгний цаана байнгын, тогтмол, өсөн нэмэгдэх гэсэн утга дагалддаг. Тийм учраас бид ирээдүйгээ тун өөдрөгөөр харж байна.
-Бөх сонирхогчид болон “Өглөөний сонин”-ы уншигчиддаа хандан юу хэлэх вэ?
-Спортын тэмцээнийг хэрхэн шударга, зөв менежмэнтээр дэлхийн жишигт хүрэхүйц хийж болохын үлгэр жишээ болохоор зорилго тавьж буй монгол үндэсний бөхийн анхдугаар лигийн барилдааныг үзэгч та бүхэн таалан сууж үзээрэй.
Н.ТАМИР
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Худлаа зар явуулдагаа болих хэрэгтэй Магалаа?
Үндэсний бөхөд лигийн формат зохихгүй байх аа, оноо тоолдог, тойргоор тоглодог багийн спортод зориулсан эд ш дээ, бөхөд бол тохирохгүй, худлаа юм хийсан дүр үзүүлж алиалахаа больмоор