С.Билгүүн: Нийт шүүгчдийн чуулганыг ХОЁР ЖИЛД нэг удаа зохион байгуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

Төрийн ордонд өчигдөр /2021.10.11/ Нийт шүүгчдийн анхдугаар чуулган болж, өндөрлөсөн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.10.12/ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тус зөвлөлөөс "Анхдугаар чуулганд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн нийт 421 шүүгч оролцлоо. Харин 58 шүүгч цахимаар оролцсон. Энэхүү чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонголоо. Мөн нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэгийг хэлэлцэн баталлаа" гэдгийг тодотголоо.

Энэ үеэр ШЕЗ-ийн Тамгын газрын дарга С.Билгүүн "Шүүхийн тухай хууль гуравдугаар сарын 1-нээс эхэлж, хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хуульд бүх шатны шүүхээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутамд хуралдуулж байхаар тусгасан. Энэ дагуу өчигдөр хуралдаж, өндөрлөлөө. Хуулиар заасан асуудлыг шүүгч гишүүдийг сонгох, Сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгох, дэгийг хэлэлцэн батлах зэрэг асуудлыг хэлэлцлээ" гэв.

Түүнчлэн "Монгол Улсын ШЕЗ-ийн шүүгчээр Ундрал, Зоригтбаатар, Отгонцэцэг, Насандэлгэр, Энхбилэг нар сонгогдсон байна. Харин Сахилгын хорооны шүүгч гишүүнээр Цагаанцоож, Номулин, Энхтөр, Сугар нар сонгогдсон" гэдгийг тодотголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top