Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр Хүйн долоон худагт зохион байгуулсан бөхийн барилдааны допингийн шинжилгээтэй холбоотойгоор дараах мэдээллийг өглөө.
Мэдээлэлд "2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр Хүйн долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон өөрсдийн саналаар өгсөн хоёр бөх, нийт 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага /МДЭҮБ/ авч наймдугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан.
Эхний шинжилгээний хариу МДЭҮБ-д 2021 оны есдүгээр сарын 16-ны өдөр ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 17 бөхийн шинжилгээ ирээд байгаа юм. Үлдсэн нэг шинжилгээний хариуг яаралтай ирүүлэх талаар асууж тодруулсан албан бичгийг МДЭҮБ-аас БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу 10 дугаар сарын 11 болон 13-нд тус тус илгээсэн байна.
Дэлхийн допингийн эсрэг байгууллага /WADA/-ын болон бусад холбогдох дүрэм журмын дагуу бүх шинжилгээ бүрэн ирэхээр МДЭҮБ-аас МҮБХ-д ирүүлнэ.
Ирсэн даруйд бид шинжилгээний талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэх болно. Зарим сэтгүүлч, иргэдийн зүгээс гаргаж буй бөхчүүд болон монгол бөхийн нэр хүндийг сэвтээсэн хардлага, буруу мэдээлэлд автахгүй байхыг хүсье" гэжээ.
Тухайн үеийн барилдаанаас тодотгоё
Барилдаанд С.Мөнхбат, П.Бүрэнтөгс нарын аваргууд болон улсын арслан Ц.Содномдорж нарын бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой бус арслан цолтой барилдах ёстой гэсэн эсэргүүцэл илэрхийлсэн. Улмаар Э.Оюунболд болон Ц.Соднодорж нар тухайн цаг мөчид шөвгөрсөн ч, эс шөвгөрсөн ч допингийн шинжилгээ өгнө гэж МҮБХ-нд мэдэгдсэн. Ингээд аварга Э.Оюунболд гурвын даваанд арслан Ц.Содномдоржийг амлаж барилдан, өвдөг шороодуулсан бөгөөд тэд тавын давааны барилдааны үеэр допингийн шинжилгээ өгсөн юм.
Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдын "Аварга" цолыг хураах зарлиг гаргасан. Учир нь үндэсний бөхийн барилдаанд түрүүлж аварга цол хүртсэн Э.Оюунболдыг сэргээш хэрэглэсэн гэх шүүхийн шийдвэр гарсантай холбоотой байв.
Сэтгэгдэл ( 1 )
Увсын допингчин гурвал Батсуурь Бүрэнтөгс Мөнхбат нараас аваагүй нь үнэхээр жинхэнэ допингчин чанаргүй аваргууд.