Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өчигдөр /2021.10.13/ Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт бараалхав.
Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч К-Ж. Токаевт уламжилж, Монгол Улсын гадаад бодлогод Казахстан Улстай харилцах асуудал чухал байр суурь эзэлдэгийг онцлон тэмдэглэв. Мөн Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг улам бататгахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Ирэх 2022 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэхүү ойг ёслол төгөлдөр тэмдэглэх талаар хоёр тал ярилцав. Мөн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа нь хоёр орны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг дурдаад цаашид энэхүү салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах талаар санал солилцож, ялангуяа худалдаанд саад бэрхшээл учруулж буй тээвэр логистикийн асуудалд анхаарч ажиллахаар болов.
Казахстан Улсын Ерөнхийлөгч К-Ж.Токаев Монгол Улс нь Казахстаны найдвартай стратегийн түнш гэж онцлоод манай хоёр ард түмэн түүхэн нягт холбоотой гэв. Мөн манай хоёр улс олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмждэг сайхан уламжлал тогтсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч К-Ж. Токаев Монгол Улсад казах үндэстнүүд нь өөрийн хэл, соёл, ёс заншлаа хадгалахад маш таатай нөхцөлд оршин суудагт Монгол Улсын төр засаг, монголын ард түмэнд гүн талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсад албан ёсоор айлчлахыг урив.
Сэтгэгдэл ( 0 )