Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Казахстаны Худалдаа, интеграцчлалын сайд, Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Казахстаны хэсгийн дарга Б.Т.Султановтой ажлын уулзалт хийв.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулж, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тэрээр хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы мэндчилгээг Б.Т.Султановт уламжилж, хоёр орны бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэн чухал механизм болох ЗГХК-ийн ээлжит хуралдааныг Улаанбаатар хотноо ирэх онд зохион байгуулахыг санал болгов.
Талууд хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс ЗГХК-ийн дэргэдэх ажлын хэсгийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцав. Мөн нийслэл хот хоорондын солилцоог хөгжүүлж, мал эмнэлэг, хорио цээрийн чиглэлд эхлүүлсэн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Ази, Европ хоёр тивийг холбосон газар зүйн байршлыг ашиглан дамжин өнгөрөх тээврийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Сайд Б.Т.Султанов бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд ирэх онд Ажил хэргийн зөвлөлийн хамтарсан хуралдааныг зохион байгуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн худалдааг нэмэгдүүлж, зам тээврийн машин техник, автобус, зүтгүүр гээд Монгол Улсад хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн экспортлох боломжтойгоо илэрхийлж, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах нөөц бололцоог дайчлан ажиллахыг санал болгов.
Уулзалтын төгсгөлд Б.Батцэцэг, Б.Т.Султанов нар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Казахстаны Худалдаа, интеграцчлалын яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурав.
Сэтгэгдэл ( 0 )