"Улаанбаатар" кино наадмын зарим киног РЦНК-д гаргана

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

Энэ сарын 18-24-ны өдрүүдэд болох "Улаанбаатар" олон улсын кино наадмын талаар Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ болон Нийслэлийн соёл урлагийн газраас мэдээлэл хийлээ. 13 дахь жилдээ зохиогдож буй энэхүү кино наадам "Тэнгис" кино театрт болох юм. Энэ жилийн онцлох орноор ОХУ сонгогдсон бөгөөд тус улсын зарим киног РЦНК-д толилуулах аж. 

 (Кино наадмаар гарах үзвэрийн хуваарийг ЭНД дарж харах боломжтой)

Энэ удаагийн наадамд Канн, Берлин, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2020-2021 онд бүтээгдсэн Орос, Франц, Герман, Иран, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон болон Монгол Улсын нийт 18 бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Киногоо толилуулахдаа "Нээлтийн кино", "Олон улсын кино хөтөлбөр", "Үзэхийн хязгаар" гэсэн гурван хэсэгт ангилан хүргэх юм. Энэ удаагийн наадамд 1959 онд Москвагийн олон улсын анхдугаар кино наадмаас Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрээр мөнгөн медаль хүртсэн "Ардын элч" киног онцолжээ. 
 



Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн "Улаанбаатар" олон улсын кино наадам 13 дахь удаагаа болох гэж байна. Кино наадмыг үзэгчид хүсэн хүлээдэг болсон. Цар тахалтай байгаа хэдий ч энэ кино наадмыг сонирхох үзэгчдийн тоо нэмэгдсэн нь анзаарагдаж байна" хэмээн сэтгэгдлээ хэлэв.



Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн "Жил бүрийн аравдугаар сарын 29-нд нийслэлийн ой тохиодог. Үүнийг угтаж "Улаанбаатар" кино наадмыг зохион байгуулдаг. Кино наадмаар олон улсын шилдэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгохоос гадна кино уран бүтээлчдийг сургах, гадны орнуудын туршлагыг судлуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх журмаар уулзалт, семинарыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил ч мөн зохиож байгаа. Хэдийгээр цар тахал гарч, цаг үе хүнд байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ барьж кино наадмаа хийх гэж байна.  Цар тахлын үед мөрдөж байгаа дүрмийн дагуу заалны 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилнэ. Энэ үеэр гарах кинонууд олон улсын кино наадмуудад орж байгаа, Монголд гарч байгаагүй кинонууд учраас үзэгчид дэлхийд шилдэг бүтээлүүдийг энд үзэх боломжтой. Кино наадам маань жил ирэх тусам илүү сайжирч, өргөжин тэлж байна" гэлээ.

Наадмын үеэр гарах киноны тасалбар тус бүр 9000 төгрөгөөр борлуулагдаж байгаа аж. Кино наадмын хөтөлбөр, кино танилцуулга  болон зохион байгуулагдах "Кино форум", "Авдраа уудал" сургалтад бүртгүүлэх талаар мэдээллийг дараах хаягаас авна уу.

Facebook: https://www.facebook.com/UBIFF 

Сайт: http://www.ubiff.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top