Коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэний улмаас БНХАУ-ын Эрээн хотод хөл хорио тогтоож, үүнээс үүдэн Замын-Үүд, Эрээний боомтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа билээ.
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрыг төлөөлж Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл Эрээнд хөл хорио тогтоосон нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
КОНСУЛ Т.МӨНХГЭРЭЛ:
-2021 оны аравдугаар сарын 13-ны өдөр Эрээн хотын “Хуй Тун” ложистик бүсэд халдварын нэг тохиолдол бүртгэгдсэний улмаас 14-ний өдрийн 12:00 цагаас эхлэн 23:59 цаг хүртэл хотын нийт иргэдээс коронавирусний шинжилгээ авлаа. Өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 07:00 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо нэмэгдээгүй тухай Хятадын дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.
Эрээн хотод иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн зардаг дэлгүүрээс бусад албан байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон . Эрээн хот руу авто замаар орох хөдөлгөөн чөлөөтэй, харин гарах чиглэлийг хорьсон байдалтай байна. Аравдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Эрээн хотыг зорьсон галт тэрэгний зорчигч тээврийн үйлчилгээг зогсоосон. Иргэдийн авсан тасалбарын төлбөрийг буцаан олгож байгаа. Хил, гаалийн ажилтнууд ажлын байран дээрээ очиж чадахгүйгээс шалтгаалаад авто замын боомт ажиллах боломжгүй болсон. Төмөр замын тээвэр хэвийн явагдаж байна.
Аравдугаар сарын 14-ний өдөр нийт иргэдээс авсан шинжилгээний хариуг эцсийн байдлаар хараахан олон нийтэд мэдээлээгүй. Шинжилгээний хариунаас шалтгаалж хөл хориог үргэлжлүүлэх эсэх, хоёр болон гурав дахь шинжилгээ авах эсэхийг шийднэ.
Гаалийн бүсэд гарсан халдварын тохиолдлоос хамаарч тус бүсэд ажиллаж байсан хил, гаалийн алба хаагчид, тэдгээрийн гэр бүлийг оршин суугаа газарт нь тусгаарласан ураас хүний нөөцгүй болоод байна. Нөхцөл байдлын мэдээллийг эргэн хүргэнэ.
Сэтгэгдэл ( 0 )