Ковид-19: Жирэмсэн эмэгтэйчүүдэд дархлаа тогтох нь хүнд байдаг

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

Жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл эхчүүдэд коронавирусний эсрэг вакцины эхний тунгийн дараа дархлааны хариу урвалын үзүүлэлт бага гарчээ. АНУ-ын Умард Каролины мужийн Дюкийн их сургуулийн эрдэмтдийн судалгааны дүн “Science Translational Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

“Moderna”, “Pfizer/ BioNTech” компанийн вакцины эхний тунг хийлгэсний дараа жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд үүссэн эсрэг биетийн титр бага байсан бөгөөд бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад дархлааны хариу урвал илүү сул байжээ. Ингэхдээ, хоёр дахь тунгийн дараа эдгээр ялгаа бараг арилсан байна. Түүнчлэн, хөхүүл эхчүүдэд NK эсийн тоо нэмэгдсэн байна. Эдгээр эс нь төрөлхийн дархлааны үйл ажиллагаанд нөлөөлдөг байна.

Судалгаанд оролцсон жирэмсэн болон хөхүүл эхчүүд жирэмсний сүүлийн гурван сард вакцинд хамрагдсан нь эхний тунгийн дараах дархлааны хариу урвал сул гарахад нөлөөлсөн байж болзошгүй гэж эрдэмтэд таамаглаж байна. Тиймээс жирэмсний эхэн үед вакцинд хамрагдаж, хожим нь сэргээх тун хийлгэснээр хүүхдэд эхэс болон эхийн сүүгээр дамжин очих эсрэг биетийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэж судлаачид дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top