“Улаанбаатар” олон улсын кино наадам Каннын кино наадмын шүүгчдийн нэрэмжит шагналт Финляндын найруулагч Юухо Куосманений “Зургадугаар бүхээг” УСК-оор нээлээ.
Сүг зураг үзэхээр ОХУ-ын Москва хотоос Мурманск хотын зүг галт тэргээр явж буй Финлянд бүсгүй галт тэрэгний бүхээгт нэгэн уурхайчин залуутай учирна. Уянга, драмын бус этгээд, хачин хайрын романсын талаар өгүүлэх энэ киноны оргил хэсэгт Монголын хоёр ч дуу эгшиглэсэн юм.
Кино дуусмагц үзэгчдийн нижигнэсэн халуун алга ташилт сонсогдох нь нээлтийн кино тэдний сэтгэлд хүрсэн уран бүтээл болсныг илтгэнэ.
Тус наадмын нээлтийн үйл ажиллагаанд ирсэн хүндэт уран бүтээлчид, зохион байгуулагчдын сэтгэгдлийг хүргэж байна.
Энэ удаагийн кино наадмын онцлогийн талаар Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэлтэй цөөн хором ярилцлаа.
-“Улаанбаатар” Олон Улсын кино наадам 13 дахь удаагаа болж байна. Энэ жилийн наадам өмнөх жилүүдийн наадмаас юугаараа онцлог вэ?
-Кино наадам маань цар тахлын үед зохион байгуулагдаж байна. Тиймээс цахимаар маш олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Кино наадмын хүрээнд олон улсын шилдэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгохоос гадна уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх тал дээр олон ажил зохион байгуулж байна. Тухайлбал, Монголын киноны хууль, эрх зүйн орчинг танилцуулах форум болон Олон Улсын форумыг зохион байгуулж байна.
-Цар тахлын үед зохион байгуулж байна. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж байна вэ?
-Тэнгис кино театрын цар тахлын үед баримталж байгаа журмынх нь дагуу заалны дүүргэлтийг хийж байна. Нийт суудлын 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллаж байгаа. Цөөхөн үзэгчдэд үзүүлж байгаа нь харамсалтай байна.
-Үзэгчид кино наадмын тасалбар олдохгүй байна гэсэн. Киноны тасалбар хэр борлуулагдаж байгаа вэ?
-Нээлтийн кино болох “Зургадугаар бүхээг” УСК-ны тасалбар худалдаанд гарсан өдрөө л дууссан. Бид Монголд байгаа кино үзвэрийн хамгийн том танхимыг ашиглаж байгаа. Гэхдээ цар тахлын дэглэмээ баримталж заалны дүүргэлт 50 хувьтай үзүүлж байгаа болохоор тасалбар маш хурдан дуусаж байна.
-Кино наадмын постерыг харахад нэрт найруулагч Д.Жигжидийн “Ардын элч” киног онцолсон байна. Энэ киног яагаад онцлох болов?
-ОХУ болон Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тийм ч учраас бид энэ жилийн онцлох киногоор “Ардын элч” МУСК-г сонгосон. Мөн тус кинонд Ариунаагийн дүрийг бүтээсэн П.Цэвэлсүрэн 1959 оны Москвагийн Олон Улсын анхдугаар кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн мөнгөн медаль хүртсэн байдаг. Тиймээс энэ удаагийн кино наадамд тус киног онцолж, постероо хийсэн. Мөн гадаадын үзэгчдэд зориулж хадмал орчуулгатайгаар гаргах гэж байгаа.
-Энэ жилийн кино наадмын бас нэг онцлог нь үзвэрүүдээ “Тэнгис” кино театрт гаргахаас гадна РЦНК-д гаргах гэж байгаа гэсэн?
-Энэ жилийн онцлох орноор ОХУ-ыг сонгосонтой холбоотойгоор Оросын шинжлэх ухаан соёлын төв буюу РЦНК-д Оросын онцлох орны үзвэрт багтсан хоёр киног гаргана. Энэ жилийн хувьд олон улсын 14 кино болон Монголын дөрвөн киног үзэгчдийн хүртээл болгож байна.
-Монголын дөрвөн киног гаргана гэж хэллээ. Энэ кинонуудыг ямар шалгууртайгаар сонгосон бэ?
-Бид жил бүр Монгол киноны “Хангарьд” хэмээх уралдаан зарладаг. Энэ жил уралдаанд дөрөвхөн кино ирсэн. Цар тахал, хөл хориотой холбоотойгоор уран бүтээл ховор хийгдэж байгаагийн улмаас цөөхөн кино, уран бүтээл ирсэн гэж бодож байна.
Бид шударга байх үүднээс “Хангарьд” уралдаант хэсгээ ирэх жил болгож хойшлуулсан. Харин уралдаанд ирсэн дөрвөн бүтээлээ шууд гаргаж байгаа. Кино наадмаар гарах Монгол кинонуудаас нээлтээ хийгээгүй нэг л кино байгаа. Энэ нь “Z.OE 41” гэх кино юм.
Кино наадмыг нээж Нийслэлийн засаг даргын Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн үг хэллээ.
Тэрбээр “Кино урлаг бол хотын хөгжилтэй салшгүй холбоотой байдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас бид урлагийн шинэ бүтээлийг иргэддээ толилуулж чадахгүй, харанхуй, бүүдгэр цаг үеийг өнгөрөөлөө. Энэ туйлын хэцүү байлаа. Гэхдээ бид энэ хүнд, хэцүү үеийг итгэлтэйгээр даван туулж байна. Үүний нэгэн тод жишээ бол “”Улаанбаатар” Олон Улсын кино наадам болж байна. Иргэд маань олон улсын шилдэг кинонуудыг үзэж, өөр өөрийн бодлоор таньж, мэдрээсэй гэж хүсэж байна” гэлээ.
“Улаанбаатар” кино наадмын уран сайхны удирдагч, найруулагч Г.Жигжидсүрэн сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Сүүлийн хоёр жилээс харахад “Улаанбаатар” кино наадам үзэгчдийн хүсэн хүлээдэг соёлын томоохон арга хэмжээ болсон байна. Кино урлаг ямар ч үед хүмүүсийг ойртуулж, оюун санааны нэгдсэн хүч чадлыг бий болгодог гэдэг нь олон улсын кино наадмуудаас харагддаг. “Улаанбаатар” кино наадам үүний нэгэн тод жишээ болж байна” гээд кино наадамд ирсэн үзэгчдэд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )