Барилгын материалын үнэ 40% өссөн нь ДАРАМТ болж байна

2021 оны 10 сарын 22

Жишээ нь, арматур, катанг 81 хувь, хөөсөнцөр 92 хувь, модон материал 69 хувь өсжээ

Манай улсад хүүхдийн өсөлтөөс илүү барааны үнийн өсөлт хурдацтай байна. Эрээн хотын хил хааснаас үүдэж нарийн ногооны үнэ өссөн. Дотоодын жимс жимсгэний үнэ ч өслөө. Махны үнэ дагаад өсөх нь цаг хугацааны асуудал байсан. Халдвараас үүдэж ачаа тээвэр хилийн боомтуудад гацсан тул манай улс дотооддоо нэлээдгүй асуудалтай тулгарлаа. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүнд үнийн өсөлт ажиглагдаагүй юм. Тавдугаар сараас хойш барилгын материалын үнэ нэмэгдсэн ч есдүгээр сард үнэ тогтвортой болох төлөвтэй байв.

Харамсалтай нь, Эрээн хотын хил хаасан явдал нь барилгын материалын үнэ дахин өсөхөд нөлөөлсөн юм. Манай сонины сурвалжлах баг барилгын материалын үнийн өсөлтийн талаар сурвалжлан хүргэж байна.

Нийслэлчүүдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг барилгын материалын захуудын нэг бол 100 айлд байрлах барилгын зах юм. Тэр хэрээр машин бүү хэл явган зорчигчдын түгжрэл ч үүсдэг. Хил хаасантай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс урьтаж худалдан авалт хийх гэсэн хүмүүс зах, худалдааны төвүүдэд ачаалал үүсгээд байгаа.

100 айлын барилгын материалын худалдааны газрууд ч дутахааргүй нөхцөл байдалд байгаа нь ажиглагдав. “Хаалганы үнэ нэмэгдсэн байна. Эхэлж орсон худалдааны төвийн хямдхан хаалгаа авах уу” хэмээн эхнэр нөхөр хоёр ярилцан алхаж байлаа.

Урдхан харагдах “Бүргэд хаалга” хэмээн бичсэн том хаягтай дэлгүүр рүү оров. Төрөл бүрийн бүргэд хаалгыг эгнүүлэн таьжээ. “Ямар хаалга сонирхож байна вэ” хэмээн асуусаар дунд эргэм насны залуу ирэв. Өөрийгөө И.Дэжид хэмээн танилцуулсан юм.

Тэрбээр “Бүргэд хаалга хамгийн хямд нь 370 мянган төгрөгийн үнэтэй. Харин хамгийн үнэтэй нь нэг сая төгрөг гэж байна. Хаалганы үнэ нэмэгдсэн л дээ. Хавраас хойш бага багаар өссөн. Хил хаагдсан болохоор цаашдаа өсөж магадгүй. Одоохондоо ийм үнэ ханштай байгаа. Зарим газрууд 300-700 мянган төгрөгөөр зардаг. Гайгүй байршилд талбай түрээсэлдэг худалдаачид хаалгаа хамгийн багадаа 400 мянган төгрөгөөр худалдаалдаг юм” гэв. Түүний хэлсэн ч үнэн байв. Хамгийн хямдхан хаалгыг 300 мянган төгрөгөөр борлуулж байлаа. Харин модон хаалганы үнэ 180-200 мянган төгрөгийн ханштай байсан юм. Хаалганы үнэ харилцан адилгүй байдаг нь хэмжээнээс гадна хаалганы материалын чанараас болдог аж.

 

ХАР ПАНИАР 84 МЯНГА, ДСП ХАВТАН 70 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БОЛСНООР

ӨМНӨХ ҮНЭЭСЭЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДСЭН БАЙНА

Хаалга ч гэлтгүй цонх, паркет, обой, плитаны үнэ өссөн байлаа. Тодруулбал, барилгын материалын худалдагч Б.Отгонсүрэн “Паркет 18-33 мянга, плита нэг ширхэг 60х60 хэмжээтэй нь 9-10 мянга, 30х30 хэмжээтэй бол 4500 төгрөгөөр зарж байна. Энэ үнэтэйгээр худалдаалаад хоёр сар орчим боллоо. Татан авалт хэвийн үргэлжлэхгүй бол цаашдаа үнэ нь өснө. Бусад худалдагчид үнээ өсгөчихвөл дагаад өсгөхөөс өөр сонголтгүй болно шүү дээ. Гол нь нийлүүлэлт хэвийн үргэлжилвэл үнэ тодорхой хэмжээнд буурах боломжтой. Гэсэн хэдий ч тээврийн хөлс нэмэгдвэл үнэ нь өсөхөөс өөр сонголтгүй болно” хэмээв.

Мөн барилгын материалын худалдаачин У.Бадамцэцэг “Обой хамгийн хямд нь зургаан мянган төгрөг гэж байна. Түүнээс дээш үнэтэй худалдаалж байгаа. Гэхдээ обойны чанар болон загвараас хамаарч харилцан адилгүй үнэ ханштайгаар худалдаалж байна. Солонгос обой хямдраад 25 мянга болсон байх жишээтэй. Одоохондоо обойны нөөц хангалттай байгаа ч худалдан авалт ихэсвэл хэр удаан хугацаанд худалдаалахаа мэдэхгүй байна” гэсэн юм.

Дээрх бараа материалаас гадна монгол хөөсөнцрийг 160 мянга болон 220 мянган төгрөгийн хоёр сонголттойгоор худалдаалж байлаа. Хятад рейс 27 мянга, орос рейс 32 мянга, дулаалгын материал 0.3-тай нь 90 мянга, 0.5-тай нь 100 мянган төгрөгийн ханштай байна. Гипсэн хавтан 25 мянга, чийгнийх нь 28 мянга, ДСП хавтан 70 мянга болж өмнө нь зарагддаг үнээсээ хоёр дахин өссөн байлаа. Хар паниар 30-40 мянган төгрөг байсан ч 84 мянган төгрөг болж өсжээ.

Иргэн Ч.Бат-Эрдэнэ “Зургаадугаар сараас хойш хашаандаа байшингийн засвар хийж байгаа. Тэр үед худалдан авч байсан зарим барааны үнэ нэмэгдсэн байна. Худалдаачид үнэ нь дахиад өсөхөөс өмнө хэрэгтэй материалаа цуглуулж авсан нь хэмнэлттэй хэмээн хэллээ. Нэг дор бүх материалаа авах эсэхээ бодож байна. Хэрэв дахиад үнэ нь өсвөл зардал нэмэгдэнэ. Үнэндээ үнийн өсөлт бидний амьдралд дарамт болж байна” хэмээв. Өөр нэгэн худалдан авагч Ж.Г “Бараа, материалын үнэ нэмэгдсэнээс болж гэрийн засвараа гүйцээхгүйгээр зогсоосон. Удахгүй үнэ ханш нь буух байх хэмээн хүлээлттэй байна. Үгүй бол засварын зардал ихэссэнээр хүнсэндээ ч мөнгөө зарцуулж чадахгүй болох нь ээ” гэлээ.

 

ОРОС УЛСАД БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ 20 ХУВЬ ӨСЖЭЭ

Цар тахлаас болж олон улсын боомтуудад гацаа үүсч, чингэлэг хүрэлцэхгүй зэрэг асуудал ачаа тээврийн үнэ өсөхөд хамгийн их нөлөө үзүүлж байгаа. Ачаа тээврийн үнэ өсөх нь барилгын материалын үнэ өсөхөд шууд нөлөөлсөн талаар 100 айлын барилгын материалын захын худалдаачид ам уралдан хэлж байв. Зөвхөн Монгол Улсад барилгын материалын үнэ өссөн хэмээн бодвол эндүүрэл юм. Жишээ нь, Оросын Статистикийн төв байгууллага болох Россатын мэдээлснээр Орос улсад барилгын материалын үнэ энэ оны эхэн үетэй харьцуулахад 20 хувь өссөн байна.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар үнийн огцом өсөлттэй байгаа барилгын материалаас дурдвал арматур, катанг 81 хувь, хөөсөнцөр 92 хувь, модон материал 69 хувь, тоосго 52 хувь, хэв хашмал 40 хувиар өссөн юм.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Барилгын материалын үнэ зургаадугаар сараас хойш нэмэгдсэн нь давагдашгүй хүчин зүйл. Өнөөдрийн байдлаар барилгын материалын үнэ 40 хувиар нэмэгдсэн. Арматурын үнэ өссөнөөс болж нэг метр квадрат барилгын төсөвт өртөг 1.3 сая төгрөг байсан бол 1.6 сая төгрөг болж өслөө. Ингэснээр барилгын нийт төсөвт өртөг 13.5 хувиар буюу барилгын үнэ метр квадрат тутамд 169 мянган төгрөгөөр нэмэгдэх юм. Барилгын материалын үнэ нийлүүлэлт хэвийн горимд шилжсэн нөхцөлд өсөхөө болино. Боомтод гацсан бараа материалаа татах бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа. Гэвч нэн тэргүүнд хүнсний бараа бүтээгдэхүүнээ татах шаардлагатай байна. Зөвхөн манай улс гэхгүйгээр дэлхий даяар боомтуудад их хэмжээний бөөгнөрөл үүссэн. Тиймдээ ч улс орнууд дотооддоо тодорхой хэмжээний үнийн өсөлттэй байгаа” хэмээн мэдээлсэн.

Иргэдийн зүгээс хил хааснаар худалдаачид зориудаар үнийн хөөрөгдөл үүсгэлээ хэмээн хардаад байгаа. Худалдаачид болон худалдан авагчдын хэн хэнд нь бурууг өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг салбарын сайд нь ч хэллээ. Энэ асуудалд хэний зөв, хэний бурууг шүүх нь илүүц. Түүнээс урьтаж асуудлыг хэрхэн даван туулах гарц гаргалгаа, зохион байгуулалт чухал. Таван сар үргэлжилсэн барилгын материалын үнэ цаашдаа өсвөл бусад бараа бүтээгдэхүүний үнэ даган өсөх эрсдэл үүсээд байна.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top