Италийн гүйгч, 39 настай Андреа Маркато “Шри Чинмойн өөрийгөө ялах 3100 милийн гүйлт”-ийн тэмцээнд 42 өдөр 17 цаг 38 минут 38 секундын хугацаанд гүйж, 2021 оны авадугаар сарын 17-ны Ням гарагт өндөрлүүлснээр түрүүлжээ.
3100 миль нь ойролцоогоор 4989 км урт зай юм. Түүний 3100 миль зайд гүйсэн энэ жилийн амжилт нь дэлхийд гуравт эрэмблэгдэж байгаа юм.
Өдөрт дунджаар 72 миль (116 км) орчим гүйдэг тэрээр, Италийн хэт холын гүйлтийн дээд амжилтыг эзэмшдэг ба Швейцарийн Цюрих хотод цагаан хоолны хүнсний үйлдвэрт ажилладаг аж.
Тэрээр нэгэн ярилцлагадаа: "10 өдрийн гүйлтэнд оролцсоныхоо дараа нэг сарын турш мэдэрсэн сэтгэл ханамж, дотоод амар амгалан, баяр баясал нь дэлхийн хамгийн холын зайн гүйлтэнд оролцох урамшлыг надад төрүүлсэн" гэж хэлсэн байдаг.
Гүйлтийн үед тэрээр өдөрт 10 мянга орчим калоритай хоолыг, гүйж юмуу алхаж байхдаа бага багаар иддэг байв. Өдөрт ойролцоогоор 18 цаг гүйжээ. Андреа Маркато энэ гүйлтийн хугацаанд нийт 15 хос пүүз хэрэглэсэн ба өдөрт гурван удаа 10 минутаар хөл дээрээ мөс тавьж хөргөж байв. Цагаан хоолтон түүний гол хүнс нь авокадо, тарвас, мандарин жүрж, бор будаа, квиноа, Сагаган, жигнэсэн ногоо юм. Шингэн дутагдахаас сэргийлж ус болон наргил модны ус их хэрэглэдэг байсан. Гүйлтийн явцад түүний жин 10 кг-аар хасагдсан.
Шри Чинмойн “Өөрийгөө-Ялах 3100 милийн гүйлтийн тэмцээн” АНУ-ын Нью-Йорк хотод 9-р сарын 5-нд эхэлсэн бөгөөд 10-р сарын 26 хүртэл үргэлжилнэ. Тэмцээнийг 52 хоногоор барина.
Зорилгодоо хүрэхийн тулд 3100 миль (4989 км) зайг 52 хоногийн турш оролцогчид өдөрт дунджаар 59.6 миль /96км/ буюу 2-оос дээш марафон гүйх ёстой. Энэ нь нийт 118 марафон тасралтгүй гүйсэнтэй тэнцэнэ.
Энэхүү тэмцээнийг "Хэт холын гүйлтийн Эверестийн оргил" гэдэг. 1953 оноос хойш "Эверестийн оргил"-д 4000 гаруй хүн гараад байгаа бол 3100 милийн гүйлтийг 24 жилийн хугацаанд ердөө 49 хүн дуусгаад байна.
Энэ жил долоон орны долоон элит гүйгч дэлхийн хамгийн холын зайн баталгаажсан гүйлтийн тэмцээнд өрсөлдсөн. Шинэ Зеландад төрсөн цорын ганц эмэгтэй гүйгч 46 настай Харита Дэвис (АНУ) энэ тэмцээнд оролцож байгаа. Тэрээр энэ хурдаараа үргэлжлүүлбэл 10-р сарын 25-ны даваа гарагийн орой барианд орно.
Тайванийн гүйгч Ло Вэй Мин (58) аравдугаар сарын 23-ны бямба гаригт хоёроор барианд орох төлөвтэй байна. Шаахайтай гүйдэг тэрээр Тайванийн гүйлтийн ертөнцөд рок од гэдгээрээ алдартай. Васу Дужи (Орос) одоогоор гуравт яваа. Такасуми Сеноо (Япон) уралдааны сүүлчийн буюу 52 дахь өдөр амжиж барианд орно гэсэн найдвартай яваа. Бусад тамирчид Украйн гаралтай Стутишель Лебедев, Словакийн Ананда-Лахари нар юм. 25 дахь удаагийн 3100 милийн гүйлтийн тэмцээн нь 0.5488 милийн тойрог замаар явагдаж байна.
3100 милийн уралдааныг Энэтхэг гаралтай сэтгэл зүрхний багш, тамирчин, хөгжимчин Шри Чинмой 1997 онд анх санаачлан зохион байгуулсан. Шри Чинмой (1931-2007) өөрөө олон марафон, хэт холын тэмцээнд оролцож байсан. Тэр олон өдрийн гүйлтийн ашиг тусын талаар: "Өөрийгөө-Ялах” гэдэг жинхэнэ аз жаргалтай байхад нь хүн төрөлхтөнд хэрэгтэй цорын ганц зүйл юм. Гадаад байдлаар гүйгчид маш их бэрхшээлийг туулдаг ч эдгээр гүйлтүүд нь тамирчдад маш их тусалдаг. Тэмцээнээ дуусгаад тэд маш чухал нэгэн зүйлийг хийснээ мэдэрдэг.” гэж тайлбарласан байдаг.
Сэтгэгдэл ( 0 )