"UBC FC" эмэгтэйчүүдийн лигт түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Эмэгтэйчүүдийн лиг хоёр сарын турш үргэлжилж, шилдгүүдээ тодруулан, медаль хүртсэн багуудаа алдаршууллаа.

Анх удаа 12 багтайгаар зохиогдсон энэ жилийн лигийн аваргын цомыг "UBC FC" хэмээх шинэхэн байгууладсан клуб хүртэв.

Багийн нэр шинэ боловч багийн амжилтыг гаргасан тамирчид өнгөрсөн жил лигт түрүүлсэн, эмэгтэйчүүдийн шигшээ багт дуудагддаг чадварлаг тоглогчид гэдгийг хөлбөмбөг сонирхогчид андахгүй.

Аваргуудтай эцсийн мөч хүртэл медалийн өнгөө шийдэхийн төлөө хүч үзсэн "Арвис" клуб мөнгөн медаль хүртсэн бол "Монголын тэмүүлэл" кубийн охид хүрэл медалийн эзэд болсон юм.

Аваргын цомыг өргөсөн "UBC FC"-ээс хаалгач Э.Цэнджав, хагас хамгаалагч М.Хулангоо нар тус тус байрлалдаа шилдэг нь боллоо. Шилдэг хаалгач болсон Э.Цэнджав 11 тоглолтод ердөө ганцхан гоол алдсан амжилттай лигийг өндөрлүүлсэн гэдгийг дурдах нь зүйтэй.

Тэгвэл мөнгөн медаль хүртсэн "Арвис" клубийн ахлагч А.Алтантуяа шилдэг хамгаалагч, 25 гоол оруулсан Ө.Ундрах шилдэг довтлогчийн шагналын эзэн боллоо.
 


Түүнчлэн лигийн тоглолтуудыг үнэн зөв дэнсэлсэн шилдэг шүүгчээр Б.Логьшир тодорч байна. Б.Логьшир энэ улиралд Нэгдүгээр лигийн шилдэг туслах шүүгч болоод байсан билээ.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн сүүлийн хоёр жилийн хугацаанд Эмэгтэйүүдийн лигийн тоглолтууд үзэгчгүй зохиогдож, MNB Sport сувгийн хамт олон лигийн тоглолтуудыг орон даяар шууд дамжуулсан юм. Монголын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамт олны төлөөлөл сэтгүүлч, тайлбарлагч О.Сонинбаярыг МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар урамшуулж, нийт хөлбөмбөгчдийнхөө өмнөөс талархал илэрхийлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top