Монгол-Оросын төлөөлөл ХИЙН ХООЛОЙН асуудлаар уулзав

2021 оны 10 сарын 25


Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-22-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийлээ.

Өнгөрсөн баасан гарагт Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг Төрийн ордонд хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд төмөр замын төв коридорын шинэчлэл, “Богдхан” төмөр зам болон ДЦС-3-ын өргөтгөл шинэчлэлийн төсөл, байгалийн хийн хоолойн төсөл, хилийн боомтуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, дэд бүтцийг сайжруулах зэрэг цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр ярилцжээ. Түүнчлэн Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол механизм болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тохирсон байна.

Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газрын зүгээс улс орны эдийн засгийг уул уурхайн салбарын хэт хамаарлаас ангижруулах, уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, экспортын чиглэлтэй эдийн засгийн бүтэцтэй болох зорилтыг дэвшүүлсний зэрэгцээ Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. ОХУ-ын зүгээс тогтмол дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлье” гэж онцолсон аж. Мөн талууд экспортын чиглэлтэй эдийн засгийн бүтэцтэй болох зорилтыг хэрэгжүүлэхэд бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа, ялангуяа Монгол Улс-Евр Азийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр чухал нөлөөтэй учраас хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлыг ойрын хугацаанд дүгнэхээр тогтжээ.

Үүнээс гадна дээрх айлчлалын хүрээнд ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутгаар дамжуулан хийн хоолой тавих төслийн хамтарсан ажлын хэсгийн Монголын талын ахлагч, Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монголын хэсэг дээрх барилгын төслийн техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажлын явцын талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр талууд байгалийн хийн хоолойн төслийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж, хоёр улсын төр, засгийн түвшинд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа учраас төслийн ажил цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу эрчимтэй урагшилж буйг онцлон тэмдэглэсэн аж.

"Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов “Өнгөрсөн гуравдугаар сард болсон уулзалтын үеэр талуудын ярилцаж тохиролцсон асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж, дараагийн шатны ажлууд хэрэгжиж эхэлсэн. Цаашид тусгай зориулалтын компанийн ажиллах хүчний квотыг тогтоох, мөн төсөлд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд гаалийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэт хууль эрх зүйн хүрээнд шийдэх зүйлүүд бий” гэсэн бол Шадар сайд С.Амарсайхан “Хоёр орны хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү төсөл нь Монгол Улсын урт хугацааны, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах тул төслийг урагшлуулахын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллана” гэсэн байна.

Талууд энэ онд багтаж төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгахаас гадна инженерийн нарийвчилсан судалгаануудыг хийж, барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэхээр харилцан санал солилцож, тохиролцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top