Х.Бат-Ялалт: Иргэд сонгууль надад хамаагүй, БҮХ НЭР ДЭВШИГЧ ХУЛГАЙЧ гэж харж байна

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25

"Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн, хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалттай ярилцлаа.


-УИХ-ын Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгууль болж өнгөрлөө. Та нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадсангүй. Нэр дэвшин өрсөлдсөн хүний хувьд нөхөн сонгуулийг хэр шударга, үнэн явагдсан гэж үзэж байна вэ?

-Сонгуулийг Үндсэн хуультайгаа холбож, мөн чанарыг нь таних л хэрэгтэй. Нэр дэвших нь хэний ч эрх шүү дээ. Тийм ч учраас ямар ч шалгуургүйгээр хүмүүс нэр дэвшээд байгаа юм.

Хамгийн гол Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд "Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна, тэрхүү эрхээ өөрөө шууд оролцох, төлөөлөгчөөрөө дамжуулж эрхээ эдэлнэ" гэж заасан. Энэ хүрээнд л сонгууль болж байгаа шүү дээ.

Ер нь бид ямар ч сонгуульд оролцохдоо Үндсэн хуулийнхаа мөн чанарыг мэдэхгүй, төлөөллийн тогтолцоогоо ойлгохгүй яваад байна л даа. Тиймээс сонгуульд хариуцлагагүй оролцож байна.

Нөгөө талаараа улс төрийн нам, эвсэл болон нэр дэвшигчид ч Үндсэн хуулийн бус аргаар сонгуульд өрсөлдөж, оролцож байна. Нэг ёсондоо төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуувилдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдэгдэж байна л гэж ойлгож байна.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

-Нэмэлт санал хураалт явуулаад ч сонгогчдын ирц 50 хувьд хүрсэнгүй шүү дээ. Ирц 50 хувьдаа ч хүрэхгүй байгаа нь яг юуг харуулж, хэлээд байна вэ?

-Иргэдийн идэвхгүй байдлыг л харуулж байна. Иргэд нийтээрээ сонгууль надад хамаагүй, нэр дэвшигчид бүгд адилхан хулгайч, төр бол дампуурчихсан гэдэг сэтгэлгээгээр хандаад байна шүү дээ. Гэтэл Үндсэн хуульд зааснаар хүн болгоны сонголт, идэвхээс  ардчилалын үнэт зүйл шалтгаалж, тодорхойлогдож байдаг.

Нийтээрээ бид юу хүсэж байна. Түүндээ яаж оролцох юм. Ардчилсан нийгэм гэдэг бол иргэдийн оролцоо дээр л тогтдог. Иргэд өөрсдөө оролцож байж хүссэн нийгмээ байгуулна. Өнөөдөр ирц хүрэхгүй байгаа нь УИХ-ын л байгаа царай юм. Энэ бол бидний л оролцооны дүн. 

Жишээ нь, нөхөн сонгуульд 50 хүрэхгүй хувь нь саналаа өглөө. Үлдсэн нь өгсөнгүй гэж ярьж байна. Тэд чинь сонгох, сонгохгүй байх эрхтэй шүү дээ. Ирц гэдэг асуудалд ач холбогдол өгөхөөсөө илүүтэй яагаад энэ хүмүүс улс төр, төлөөллийн талаар ойлголтгүй байна вэ, сонгогчдын боловсрол гэдэг асуудалд чиглэх ёстой.

Ирц бүрдлээ ч гэсэн тэр саналаа өгөх гэж очиж байгаа хүмүүс ямар итгэл үнэмшлээр өгч байна гэдэг мөн чанарыг нь судлах, бодит дүгнэлт хийх цаг нь болсон байна. Энэ бол улс төр судлаачид болон улс төрийн намуудын хийх ёстой ажил л даа.

Тэгэхээр сонгуульд оролцож байгаа иргэдийн оролцоо, хандлагаас харахад өнгөрсөн 30 жилийн хугацаанд ардчилал гэж явахдаа иргэдээ бэлдээгүй байгааг л харуулж байна. Иргэдээ мэдлэгжүүлээгүй, аж амьдралыг нь өөд нь татаагүй байна.

-Нөгөө талаараа сонголтгүй сонгуулт боллоо. Нэр дэвшигчдээс сонгох хүн алга аа гэдэг асуудал хөндөгдөж байна. Үүнтэй та санал нийлэх үү?

-Сонголт бий. Хүнээ олж сонгохгүй л байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдэг бол өөрөө манлайлал. Энэ бол эрүүл үзэгдэл. Нэг ёсондоо иргэний зориг шүү дээ. Нэр дэвшиж байгаа хүн бүрийн мөрийн хөтөлбөрийг нь үзээд, мөн чанарыг нь таниад "Энэ хүн намайг төлөөлж чадна" гэдэг итгэл үнэмшээл сонгож чадахгүйгээс болж байна. Тэр нэр дэвшиж байгаа хүнтэйгээ танилцахгүй байна шүү дээ. Танилцах боломжийг нь ч олгохгүй байна. Цаашид үүнийг өөрчлөхийн төлөө явах ёстой.

-Нөхөн сонгуулийн үеэр нэг зүйл анзаарагдлаа л даа. Сурталчилгаа их даруухан, нам гүм болох шиг боллоо. Шалтгаан нь юу вэ. Үнэхээр хэн ялалт байгуулах нь тодорхой сонгууль байв уу?

-Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгууль дээр бүгд л чадахаараа сурталчилгаагаа хийж, өрсөлдлөө шүү дээ. Чадлынхаа хэрээр л сурталчилгаа хийлээ. Бужигнаад л байлаа. Магадгүй эрх барьж байгаа хоёр нам нь өөрсдийнхөө сүлжээгээр дамжуулж, мөнгөнийхөө хэмжээгээр чимээгүй санал худалдаж авах ажлыг хийсэн байхыг үгүйсгэхгүй.

-Хууль зөрчсөн үйлдэл хэр гарав?

-Маш тодорхой. Манай ухуулагчдын зүгээс хүртэл тодорхой баримтыг дэлгэж тавьсан.

-Та хэдэн сая төгрөгөөр сонгуульдав?

-Сая 10 гаруй сая төгрөгийн хандив цуглалаа. Ер нь сонгуулийг их мөнгөөр хийх шаардлагагүй.

-Тэр нь юу гэсэн үг вэ. Мөнгөгүй сонгууль хийх ёстой гэж үү?

-Төр нь зохион байгуулаад л өгчих хэрэгтэй шүү дээ.

-Яаж тэр вэ?

-Нэг цонхны сурталчилгааны цэг гэдэг шиг. Нэг том өрөөнд бүх нэр дэвшигчийн ухуулагчид зогсож байгаад л бүх нэр дэвшигчийн материалыг аваад гардаг л байх хэрэгтэй. Сонгогчдод хүртэл хэрэгтэй. Нэг хаалгаар ороод л бүх нэр дэвшигчийн материалтай танилцчихна. Өөр өөр хаалга, өөр өөр байр хийчихээр нэг нэгнээ хянаад байдаг юм байна.

-Та хуульч, өмгөөлөгч хүн. Сөрөг хүчний зүгээс нөхөн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна. Шалтгаан нь ялалт байгуулсан Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг нийт сонгогчдын 50 хувийн ч саналыг аваагүй байхад Сонгуулийн ерөнхий хороо тогтоол гаргаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нь хууль зөрчсөн гэж үзлээ. Үнэхээр хууль зөрчсөн үйлдэл үү?

-Хуулиараа бол нэмэлт санал хураалт явуулсны дараа ирц хамаагүй. Өөрсдөдөө л зориулж хууль батлаад байна л даа. Ер нь 50 хувийн саналыг аваагүй л бол хүчин төгөлдөр бус шүү дээ. 

-Угтаа бол дахин сонгууль явуулах ёстой байх нь ээ?

-Тийм, гэхдээ одоо дахиад л бөөн мөнгө шүү дээ. Хэн ч гарсан ялгаагүй гэдэг ойлголт байгаад байна. Нийтээрээ л тэмцэж, өөрчлөх хэрэгтэй байгаа юм.

-Ингэхэд таныг УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор яллагдагчаар татагдсан. Танд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа. Удахгүй шүүх хурал болно биз дээ?

-Энэ хэрэг биш. Л.Эрдэнэчимэгийн хоёр байр суурьтай мэдээлэл, мэдэгдэл байдаг. Нэг нь чамд мөнгө зээлсэн, чи миний найз биз дээ, Х.Бат-Ялалтаа гэж хэлсэн байдаг. Нөгөө нь намайг дарамталсан гэж ярьсан. Л.Эрдэнэчимэг гэдэг хүн худлаа ярьж болохгүй. Хохирогч гэдэг хүн худлаа ярьж болдоггүй юм. Хохирогч илэрхий, эргэлзээтэй худлаа зүйл ярьж байхад эрүүгийн хэрэг үүсгэх ч шаардлага байхгүй.

-Танаас нэг ч удаа мэдүүлэг, тайлбар аваагүй гэдэг байх аа?

-Тийм. Өнөөдөр би нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй хүн шүү дээ.

-Шүүх хурал хэзээ болох билээ?

-Ирэх сарын 3-нд болно. Энэ бол илэрхий хэлмэгдүүлэлт, хуулийг уландаа гишгэсэн улстөрчдийн захиалгатай ажиллагаа.

-Хэний захиалга гэж вэ?

-Х.Баттулга бий. Мөнгөтэй хүний үг үнэн байдаг шиг байгаа юм. Гэтэл Л.Эрдэнэчимэг дарамтуулаагүй гэдэг нь нотлогдчихсон, баримт олон байдаг.

-Ярилцсанд баярлалаа. 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (122.201.24.138) 2021 оны 10 сарын 26

Батялалт ч өөрөө ариун явдалтан биш гсн шүү дээ. Бас л нэг дээрэлхүү амьтан ,сургуулиа дөнгөж төгсөөд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүүг дарамтлаад ,хөөрхий тэр хүү стресс д ороод нас барсан гэж хэвлэлээр л бичигдэж л бсн.

0  |  0
Зочин(202.126.88.222) 2021 оны 10 сарын 26

Баттулга одоо энийг захиалгаар гүтгүүллээ юу, кк ийм юм байдгийг ч мэдэхгүй байлгүй, өөрийгөө юу гээд ч бодрод байднийн. Сонгууль болгонд ү эрч ороод байдгаа болиоч, иргэд сохор биш, үнэн нүүрийг чинь мэдчихсэн, одоо болно.

0  |  0
b(66.181.160.77) 2021 оны 10 сарын 25

куц муу шантаажчин банди тонил ацаа

0  |  0
Иргэн(192.82.75.128) 2021 оны 10 сарын 25

Иргэдийн хурал биш , намын хурал хэнд ямар хамаа. Иргэдийн хуралд нам бүлэглэлийг оролцуулахыг хориглох шаардлагатай.

0  |  0
t(192.82.73.110) 2021 оны 10 сарын 25

bvgd hulgaichid shvvvvv

1  |  0
зочин(192.82.87.7) 2021 оны 10 сарын 25

энэ балайгийн өмгөөлөгч гэж юу байхав дээ бас нэг шоучин

0  |  0
зочин (192.82.78.242) 2021 оны 10 сарын 25

яг үнэн арай бага хулгайлах байх гэсэндээ санал өгдөг

1  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 10 сарын 25

xulgaich ny xudlaa yu?

0  |  0
Top