Лигийн чансааг тэргүүлсэн 16 бөх ӨНДӨР ШАГНАЛТАЙ өрсөлдөөнд орно

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25

“Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй Үндэсний бөхийн лигийн барилдаан өчигдөр (2021.10.25) "Монгол бөхийн өргөө"-нд боллоо.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт болох байсан ч Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт давхацсан учраас хойшлоод байсан юм. Энэ удаагийн барилдааныг УОК болон НОК-ын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр, үзэгчгүй зохион байгуулж буйгаараа онцлог.

Үндэсний бөхийн лигийн барилдааны нээлтийн үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Шинэ хэлбэрийн барилдааныг “Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групптэй хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. Үндэсний бөхөд зайлшгүй хэрэгтэй, шаардлагатай байж мэдэх олон зүйл энэ барилдааны дүрэмд тусгагдсан гэдгийг хэлмээр байна. Оролцож байгаа бөхчүүддээ баярлалаа. Үзэгчиддээ хандаж хэлэхэд төрийн зохих байгууллагууд дүгнэлт хийгээд 10, 11, 12 дугаар саруудад уламжлалт бөхийн барилдааныг явуулахаар шийдвэрлэсэн. Үзэгчтэй байх, 50 хувийн дүүргэлттэй байх эсэхийг тухайн үед нь шийдээд явахаар болсон гэдгийг дуулгая” гэсэн юм.

Энэ удаагийн лигийн барилдаанд харцага Т.Баасанхүү, О.Хангай, Д.Анар болон өсөх идэр начин Ч.Батчулуун тэргүүтэй 32 бөх оролцлоо.

Үндэсний бөхийн лигийн барилдаанд эхний гурван давааны үндсэн барилдаан 10 минут, дан болон давхар шуудагнаас гурван минут буюу нийтдээ 16 минут барилдсан. Харин дөрөв, тавын барилдааны үндсэн цаг нь 15 минут, дан, давхар шуудагнаас зургаан минут гээд нийтдээ 27 минут байхаар дүрмээр зохицуулж өгчээ. Мэдээж уламжлалынхаа дагуу барилдааны хугацаа дуусахаас өмнө давсан тохиолдолд хүчинтэйд тооцсон. Үүнээс гадна идэвхийн оноо өгч, барилдааны цаг дууссан тохиолдолд түүнийг нь харгалзан үзсэн нь нэн шинэлэг зүйл байлаа.

Дүрэмд заасны дагуу бол идэвхийн оноо арваар илүү болсон тохиолдолд барилдааныг дуусгаж, оноо илүүд нь ялалтыг өгөхөөр заажээ. Гурван тохиолдолд идэвхийн оноо өгөхөөр тусгасан байна. Бөхийн өргөөний дугуй хивснээс бүтэн улаараа түрүүлж гарсан, хамгаалахын тулд гараараа газар тулсан бол өрсөлдөгчид нь нэг оноо өгөх бол хайнцсан тохиолдолд мэх хийсэнд нь нэг оноо өгөх дүрэмтэй. Харин идэвхийн оноо тэнцвэл хамгийн сүүлд оноо авсан нь ялах ажээ.

Мөн дэвжээнд дөрвөн хос найман бөхөөр тус тусад нь гаргаж барилдуулсан нь цар тахалтай энэ үед тун таарсан дүрэм байсныг хэлэх хэрэгтэй. Ингээд бөхийн барилдаан эхэлснээс хойш ердөө 45 секунд өнгөрснөөр хамгийн анхны даваа бүртгэгдсэн. Энэхүү давааг Улсын начин Б.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Б.Баатарболдыг зайлж мушгих мэхээр давсан юм.

Дэвжээнд гарсан дөрвөн хос буюу учраа бөхчүүдийг нийт 12 шүүгч шүүн ажилласан. Ингэхдээ гурван шүүгч нь нэг хос бөхийг шүүсэн юм. Засуулууд бөхөө дэвжээнд гаргаад дэвжээний гадна гарч зогсож, барьц бариулахад оролцож байсан нь мөн л шинэлэг зүйл байлаа. Энэ онд лигийн барилдааны А ангилал аравдугаар сард, B ангилал арваннэгдүгээр сард болох бол С ангиллын барилдаан арванхоёрдугаар сард болох юм. Харин үүний дараагаар “Оны шилдэг бөх” шалгаруулах өндөр шагналын сантай барилдаан болох аж. Үүнд лигийн эхний барилдаануудад хамгийн их чансааны оноо цуглуулсан 16 бөх оролцох юм байна.
 

Энэ удаагийн барилдаанд Улсын харцага, “Увс нуур” дэвжээний бөх Т.Баасанхүү, Улсын начин, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх Н.Мустафа нар үзүүр, түрүүнд шалгаран үлдлээ. Хоёр бөхийн барилдаан ч удсангүй. Харцага Т.Баасанхүү өрсөлдөгчийнхөө хөлийг авч, дэрлээд давсан юм. Харцага Т.Баасанхүү өчигдрийн барилдаанд аймгийн заан, Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Б.Баянмөнх,  Улсын начин Б.Серик, аймгийн арслан Э.Сумьяабат нарыг давсан бол Улсын начин  Н.Мустафа аймгийн арслан Д.Аззаяа, Улсын харцага Д.Анар, Улсын начин Ч.Батчулуун, Улсын начин Б.Бат-Эрдэнэ нарыг өвдөг шороодууллаа.

Монгол Улсад анх удаа лигийн барилдаан болох гэж байгаа мэдээлэл гарснаас хойш бөх сонирхогч үзэгчдийн дунд олон янзын таамаг дэвшүүлж эхэлсэн. Тэгвэл тэдгээр таамгийн дийлэнх нь “Энэ барилдаан харцага Т.Баасанхүү нар шиг явж барилддаг, дайчин бөхчүүдэд илүү зохино” гэж байсан. Үнэхээр урагшаа явж барилддаг, угсраа олон мэхтэй бөхчүүдэд илүү зохихоор дүрмийн заалтууд нэлээд байгаа харагдсан. Энэ нь ч шударга гэдгийг бөхчүүд, бөх сонирхогчид онцолж байсан.

Учир нь нийт барилдааны туршид талбай хамааралгүй зугтчихаад барьцанд хүрч, даваа авдаг бөхчүүд байдаг. Гэтэл идэвхи зүтгэл гаргаж, мэх хийж барилдсан нь хөдөлмөрөө үнэлүүлж чаддаггүй гэх хүмүүс ч байдаг юм.   


Лигийн барилдаанд түрүүлсэн бөх гурван сая, үзүүрлэсэн бөх 1.5 сая төгрөгийн шагнал авсан бол нэг давсан бөхчүүд 200 мянган төгрөгийн шагнал авсан юм.

Энэ талаар бөх тайлбарлагч Н.Батнасан “Үнэхээр шинэлэг, сайхан барилдаан болж байна. Мөн шагналын сан өндөр байгаа нь сайшаалтай. Нэгийн даваанд унасан хэрнээ 120 мянган төгрөг авч байна. Тиймээс дараа дараагийн лигийн барилдаанд ангилал өгсөж, сайн барилдахаар бөхчүүд хичээх нь дамжиггүй. Барилдааны төгсгөлд идэвхийн оноогоор ялагчийг тодруулж байгаа нь маргаан гарах боломжгүй болгож байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн.

Сонирхуулахад, лигийн барилдааны шагналын санг “Эрхэт Монгол” групп дөрвөн жил тогтмол гаргахаар “Хил хязгааргүй спорт” ТББ, МҮБХ-той гурван талт гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ.
 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top