ОХУ-ын Соёлын Яамны ивээл дор ОХУ-ын кино урлагийн холбоо, Оросын кино урлаг, соёл, шинжлэх ухааны Үндэсний Академи энэ сарын 15-20-ны өдрүүдэд Уралын нийслэл Екатеринбург хотноо "Россия" Олон улсын баримтат киноны 32 дахь нээлттэй наадмыг зохион байгуулжээ.
Энэ кино наадам нь Оросын хамгийн ахмад, ууган наадмуудын нэгт зүй ёсоор тооцогддог. Мөн Москвагийн Кинотавр Олон улсын кино наадамтай нэгэн адил ОХУ-ын шилдэг гурван наадмын нэг юм.
Энэ жил "Россия" Олон улсын баримтат киноны XXXII Нээлттэй наадам зохион байгуулагчдын зүгээс Монголын өргөн дэлгэцийн болон телевизийн баримтат киноны шилдэг уран бүтээлчдийн сонгодог уран бүтээлийг толилуулаад зогсохгүй Монголын орчин үеийн залуусын төлөөлөл болсон уран бүтээлчдийг Наадамд оролцуулах, Монголын баримтат киног олон улсын тайзнаа түгээн дэлгэрүүлэхийг хүсжээ. Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар руу хандсанаар "Россия" Олон улсын баримтат киноны ХХХII Нээлттэй Наадамд Монголын баримтат, телевизийн баримтат киног төлөөлөн МҮОНТ-ийн баримтат, уран сайхны нэвтрүүлгийн албанд найруулагчаар ажиллаж буй МУСТА, найруулагч Намсрайн Чингисийн “Хорьдол сарьдагийн нүүдэл”( 2017 он), “Хатаръя л даа” ( 2017 он), “Алтан нарны үр сад” ( 2017 он), залуу кино найруулагч Ц.Дэнсмаагийн "Аргал" баримтат кинонууд оролцож, үзэгчдийн таашаал хүртлээ.
Кино наадмын зохион байгуулагчдын зүгээс найруулагч Н.Чингис болон Ц.Дэнсмаа нарыг ОХУ-ын Соёлын яамны Талархлын жуух бичгээр шагнахаар болжээ.
Монгол найруулагчдын кино өнгөрсөн Лхагва гарагт орос хэлнээ дуу оруулалттайгаар үзэгчдийн хүртээл болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )