“34 хувьд ногдох өрийг тэглэх санал ТУЗ дээр албан ёсоор яригдаагүй"

2021 оны 10 сарын 25

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчидтэй хэлэлцээ хийх Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж буй ХЗХД-ийн сайд Х.Нямбаатар “Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болдод захидал илгээсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл түүний захидлын хариуг  “Рио Тинто”, ”Туркойз Хилл Ресурс”-ын зүгээс ирүүлжээ.

Өмнө нь наймдугаар сарын 24-нд Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлж байсан тэд энэ удаад нэлээд тодорхой саналуудыг дэвшүүлсэн албан бичиг ирүүлээд байна. Тухайлбал, “Рио Тинто”-гийн зүгээс гурван санал дэвшүүлсний нэг нь, Монголын Засгийн газрын 34 хувьд ногдох өрийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх санал ирүүлжээ. Үүнийг Ажлын хэсгийн гишүүн, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо бататгасан байна.

Харин “Оюу Толгой” компанийн ТУЗ дахь Монголын Засгийн газрын төлөөллүүдээс тодруулахад, “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” уг асуудлыг компанийн ТУЗ-д албан ёсоор танилцуулаагүй гэсэн мэдээллийг өгч байна.

Сануулахад,  “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ээс 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан ирүүлсэн захидалдаа:

 “Энэхүү төсөлд тулгарсан техникийн олон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд бүх нөөц боломжоо дайчилж, шийдвэр гаргахдаа бүх түншлэгч талын эрх ашгийг хангах талаар эрмэлзэн ажиллаж ирсэн боловч, сэтгэл гонсойлгосон нөхцөл байдал үүссэнийг бид хүлээн зөвшөөрч байна. Оюутолгойн эдийн засгийн ач холбогдол, уг төслөөс улсын төсвийн орлогод оруулдаг хувь нэмрийг харгалзан үзэж, энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд хүнд тусаж байгааг бид мэдэрч байна. Энэ бүхэн бидний харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа явдалд бид хүлцэл өчиж байна. Дээрх байдлыг залруулах замаар Оюутолгой төслийг урагшлуулахын тулд жинхэнэ түншүүдийн ёсоор зүтгэхэд бэлэн байна.

Иймээс өнөөдөр танай Засгийн газар УИХ-ын зүгээс тавьсан зорилттой нийцэхүйц шийдэлтэй санал танд тавихыг хүссэн юм.

Гүний уурхайн үйлдвэрлэл хойшилсон ийм эгзэгтэй үед Засгийн газрын төсөвт чухлаар шаардагдах орлогод сөрөг нөлөө үзүүлсэн. Үүнтэй холбогдуулж ирэх гурван жилийн хугацаанд 1 их наяд төгрөгийг Засгийн газрын төсөвт нэмэлт орлого оруулах саналтай байна” гэхчлэн саналууд тавьсан байсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top