А.Ерханат: “Хигашикава” тэмцээнд амжилттай оролцох нь бидний зорилго байсан

2021 оны 10 сарын 27

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын Дарын цогцолбор сургуулийн сурагчид "HIGASHIKAWA Youth Fest” буюу “Дунд сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль”-д оролцож тэргүүний байр эзэлсэн юм. Тус фестивалийн сүүлийн шалгаруулалт энэ сарын 22-нд болсон бөгөөд Ази, Европын 21 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлддөг Азидаа хамгийн том өсвөрийн гэрэл зурагчдын наадам юм.

Энэ талаар тус наадамд амжилттай оролцсон Дарын цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч  А.Ерханаттай ярицлаа.


-“Хигашикава” Олон улсын өсвөрийн гэрэл зурагчдын тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Энэ тэмцээнд хэдэн гишүүнтэй оролцсон бэ. Өөрийнхөө тухай болон багийнхаа гишүүдийн тухай манай уншигчдад танилцуулахгуй юу?

-Энэ тэмцээнд гурван гишүүнээс бүрдсэн баг бүрдүүлж оролцсон. Бид Баян-Өлгий аймгийн математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, ерөнхий боловсролын Дарын цогцолбор сургуульд суралцдаг. Манай багийн Х.Ахжол, Б.Алирахман хоёр 11 дүгээр ангид суралцдаг, нэг ангийн хүүхдүүд юм. Харин би тус сургуулийн 12 дугаар ангид суралцдаг.

-Тэмцээн хэрхэн явагдсан бэ. Энэ талаар бидэнтэй хуваалцахгуй юу?

-Энэхүү фестиваль нь Япон Улсын Хоккайда мужийн Хигашикава хотноо зохион байгуулагддаг олон улсын өсвөрийн гэрэл зурагчдын наадам юм. Тус наадам нь олон улсын хэмжээнд зургаа дахь удаагаа, дотооддоо 34 дэх жилдээ зохион байгуулагдсан. “Хигашикава” фестиваль гэрэл зургаар дамжуулж дунд сургуулийн сурагчдын багийн ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зорилготойгоороо онцлогтой байдаг.

Түүнчлэн нэг улсаас зөвхөн нэг багийг сонгон шалгаруулдаг. Өөрөөр хэлбэл 22 орны гэрэл зурагт дуртай, шилдэг сурагчид нэг баг болж улсаа төлөөлөн оролцдог юм. Монгол талын шалгаруулалт энэ оны дөрөвдүгээр сард явагдсан. Үүнд нийслэл болон орон нутгийн 12 сургуулийн сурагчид оролцсоноос манай багийн "Гэр бүл" сэдвийн цуврал бүтээл шилдгээр шалгарч эцсийн шалгаруулалтад оролцох эрхээ авсан. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцсон "Холбоос", "Миний хүсэл мөрөөдөл" сэдэвт гэрэл зургууд тэргүүн байрын шагнал хүртсэн.

-Яагаад заавал гэрэл зургийн чиглэлийг сонгох болсон бэ?

-Гэрэл зураг авч эхлээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Зураг дарах бол бидний сонирхол юм. Мөн Баян-Өлгий аймагт гоё, сонирхолтой зураг гарах боломж их байдаг.

-Гэрэл зураг авахад тухайн хүнээс ямар чадваруудыг шаардаж байдаг вэ?

-Ерөнхийдөө сайн зураг авахад тухайн хүнээс мэдрэмж, объектын өнцөг, гэрэл сүүдэр, өнгө тааруулах зэрэг чадваруудыг шаардаж байдаг. Мөн тэгш хэмийн алслалыг харах хэрэгтэй. Гэрэл зураг дарахад тэгш хэм чухал байдаг.

-Гэрэл зураг авахдаа багаар хэрхэн ажиллаж байна?

-Ихэнх тохиолдолд багийн гишүүдтэйгээ хамт явж зургаа авдаг. Зарим тохиолдолд нэг нь хөдөө явахдаа гэрэл зургийн аппаратаа авч яваад, зураг дарах үе байна. Сайн зураг авч, түүнийгээ олон нийтэд хүргэхээр гоё мэдрэмж төрдөг. Заримдаа бидний дарсан зургийг хүмүүс утасныхаа дэлгэцэн дээр тавьсан байдаг. Энэ их сайхан санагддаг.

-Нэг чиглэлд суралцаж, аливаа чадварыг эзэмшсэнээр тухайн хүнд ямар нэгэн байдлаар хэрэг болдог шүү дээ. Тэгвэл сайн гэрэл зураг авч сурснаараа ямар чадваруудад суралцдаг вэ?

-Их мэдрэмжтэй болдог. Бас юмны гоо зүй, өнцгийг олж харж чаддаг. Сайн гэрэл зураг дарахад зөвхөн нэг газраас биш олон байршлаас, олон өнцгөөс дарах шаардлагатай.

-Цаашдаа энэ чиглэлээр өөр тэмцээнд оролцох, ажиллах зэргээр ямар нэгэн зорилго тавьсан байгаа юу?

-“Хигашикава” Олон улсын өсвөрийн гэрэл зурагчдын тэмцээнд амжилттай оролцох нь бидний зорилго байсан. Зорилгодоо хүрч чадсандаа баяртай байна. Гэхдээ гэрэл зургийн чиглэлээр амжилтанд хүрнэ гэхээсээ илүү сонирхол талаас нь ханддаг.Бид хоббиндоо хөтлөгдөн дуртай зүйлээ хийж байгаа.                                                                                                   

Д.МЯГМАРЗАЯА                          

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

                                                                                                                                                                                                                                                                                                                 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.104.98) 2021 оны 10 сарын 27

вон отсюда

0  |  0
Top