Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн барилдаанд түрүүлсэн Улсын харцага Т.Баасанхүүтэй ярилцлаа. “Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп хамтран тус лигийн барилдааныг зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 24-нд А ангиллын барилдаанаа зохион байгуулсан юм. Харин ирэх сард В ангилал, арванхоёрдугаар сард С ангилалын барилдаанууд болох бол оны төгсгөлд чансааны оноо өндөр 16 бөх оролцсон “Оны шилдэг бөх шалгаруулах” барилдаан болох ажээ.
-Манай улсад анх удаа зохион байгуулагдсан үндэсний бөхийн лигийн анхны барилдаанд түрүүлсэн танд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Маш их баярлалаа. Анх удаа зохиогдож байгаа барилдаан учраас шинэлэг, шинэ дүрмээр явагдсан нь сонирхолтой байлаа. Гоё барилдаан боллоо.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч тань хэн байсан бэ?
-Барилдаан сайхан болсон. Энэ үед ид барилдаж байгаа улс, аймгийн цолтой 32 бөх барилдсан. Бөхчүүдийн маань бэлтгэл сургуулилт ч гэсэн сайн байлаа. Бөх хүн наадамд түрүүлнэ л гэж барилддаг болохоор бүгд л хүчтэй өрсөлдөгч байсан даа.
-Энэ барилдааны дүрмийн мэдээлэл явж эхэлснээс хойш таны барилдааны арга барилтай сайн зохицно гэж олон хүн ярьж байсан. Үнэхээр ч анхны барилдаанд түрүүлчихлээ?
-Илэрхий зугатах, цаг нөхцөөгөөд барьц барих, шуудагт хүрч барилддаг барилдаантай хүмүүс бий л дээ. Миний хувьд бие жижиг, жин багатай болохоор яваад барилдчихъя гэсэн сонирхолтой. Тэр утгаараа миний барилдаантай нэлээд дөхөм санагдсан.
-Өмнө нь барилдаж үзээгүй бөхтэйгөө таарсан уу?
-Хоёрын давааны оноолтоор Ховд аймгийн Хурц арслан Б.Баянмөнхтэй таарлаа. Бид хоёр өмнө нь таарч барилдаж байгаагүй юм билээ. Нэгэнт л учраа таарсан болохоор өөрийнхөөрөө барилдаад давсандаа баяртай байгаа.
-Лигийн барилдаан МҮБХ-ны дүрмүүдээс гадна хэд, хэдэн шинэлэг дүрмийн заалттай юм билээ. Дүрмийн хувьд сэтгэлд тань хэр нийцэж байна вэ?
-Үндэсний бөхийн дүрмээс барьц сонгохыг болиулсаныг би дэмжиж байгаа. Харин лигийн барилдаанд илэрхий зугтаж гарсан бөхийн өрсөлдөгчид идэвхийн оноо өгөөд хугацаандаа хаялцаагүй тохиолдолд оноо ихтэй нь давж байгаа нь таалагдсан. Тийм ч болохоор энэ удаагийн барилдаанд илт зугтах явдал бага, сонирхолтой барилдаанууд их гарсан байх гэж бодож байна.
-Цаашдаа лигийн барилдаануудад тогтмол барилдах уу?
-Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд, бэртэл гэмтлээс өөрийгөө хамгаалаад барилдаан бүрд л орохыг хичээнэ дээ.
-Лигийн барилдаанд ямар бөхчүүдийг түлхүү орж барилдаасай гэж бодож байна вэ?
-Ер нь ид барилдаж байгаа улсын цолтнууд өргөн цар хүрээтэй оролцож барилдвал илүү сонирхолтой болох юм билээ. Тэр, энэ гэлгүй барилдвал сар бүр болно гэдэг утгаараа өөрсдийнх нь бэлтгэлд ч тустай, барилдаж үзээгүй нэгэнтэйгээ таарах гээд олон давуу талтай байж мэднэ. Хамгийн гол нь бөхөө дээдэлдэг үзэгчдэд сонирхолтой барилдаанууд үзүүлж чадна.
-Цар тахлаас үүдэн заал танхимын барилдаан болсонгүй удлаа. Та сүүлийн үед бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?
-Би долоо хоногийн сондгой тоотой өдрүүдэд хүчний бэлтгэлээ хийдэг. Харин тэгш өдрүүдэд үндэсний бөхийнхөө барилдааны бэлтгэлийг цөөн тооны хүмүүстэй хамтраад боломжоороо хийж л байна. Цар тахалтай байгаа үед ийм барилдаан зохиож байгаа нь бидэнд их давуу тал болно. Тиймээс санаачлан зохион байгуулж байгаа байгууллага, хувь хүмүүст баярлаж буйгаа илэрхийлье.
-Хөл хориотой нэлээд удсан болохоор жин нэмсэн үү. Яг одоо таны жин хэд байгаа вэ?
-Бага, сага нэмсэн шүү. Яг одоо бол 105 килограммын жинтэй байна. Би ер нь жин их нэмээд хэрэггүй гэж боддог.
-“Эрхэт Монгол” групп шагналын санг нь дөрвөн жилийн хугацаанд хариуцахаар болсон. Шагналын сан дээр та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Өвчин зовлонтой, хаа сайгүй л хямралтай байхад өндөр шагналын сантай энэ сайхан тэмцээнийг ивээн тэтгэж, түүнийгээ ямар нэгэн асуудалгүйгээр тогтмол гаргахаар хариуцлага хүлээн ажиллаж байгаа “Эрхэт Монгол” группын хамт олонд талархаж байгаагаа энэ ташрамд хэлмээр байна. Мөн даваа болгон нь мөнгөн шагналтайгаас гадна, лигийн барилдааны нэгийн даваанд унасан ч мөнгө өгсөн нь бөхчүүд биднээс улам их хариуцлага шаардаж байна даа гэж ойлгосон. Өөрийнхөө бэлтгэлийн сорил хийнгээ амжилттай барилдаж чадвал өндөр шагнал авах нь бидэнд их боломж олгоно.
-Та сая чансааны 1500 оноо авсан. Тиймээс оны төгсгөлд болох 16 шилдэг бөхийн барилдаанд оролцох байх?
-Оны шилдэг бөх шалгаруулах барилдаанд оролцох эрх чинь нээгдсэн гэдгийг зохион байгуулагчид надад хэлсэн. Тиймээс тэр болтол бэлтгэл сургуулилтаа чамбайруулж, өөрийгөө бэртэл гэмтлээс хол байлгаж байгаад оролцоно л гэж бодож байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Байдаг л нэг амар хялбар аргаар менге олох гэсэн нехер байна, нийгэмд хэрэгтэй юм хий, улс орондоо тустай ажил хеделмер эрхэл малаа