-Газар эзэмшигч нь мэдээлэл бэлтгэж явсан сэтгүүлчийг заналхийлэв-
Манай сонин 2021оны аравдугаар сарын дугаартаа “Олон улсын чанартай авто зам дагуу хууль бусаар олгосон газрыг цуцалья” гарчигтай нийтлэл гарсан билээ.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах хуучин 22-ын товчооны дэргэд Олон улсын чанартай авто зам дагуу 2014 онд Авто замын тухай хуулийн 16.2 дахь “Олон улсын, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр буюу авто замын төв тэнхлэгээс хоёр тийшээ 50 метрт байна” гэж заасан заалтыг илтэд зөрчин олгосон газарт газар шорооны ажил эхлээд байгаа билээ.
Төв замын тэнхлэгээс 50 метр бүү хэл, таван метр ч хүрэхгүй, авто замтай тулгасан эхний газар нь 1801710746 дугаартай, 1599 метр квадрат талбайтай, 2028 он хүртэл эзэмших эрхтэй газар байсан юм.
Тус газрыг судалж үзэхэд, 2015 онд Х.Мөнх-Учрал өөрийн нэр дээр авч 2017 онд Л.Дэмбэрэлсамбууд шилжүүлсэн байв. Тэгвэл 2019 онд тус газрыг Б.Нарантуяа эзэмшиж байгаад 2021 онд Д.Баттүшигт шилжиж иржээ.
Харин хоёр дахь газар нь 1801709722 дугаартай, 1499 метр квадрат талбайтай, 2033 он хүртэл эзэмших эрхтэй байгаа мэдээллийг олж авлаа. Уг газар нь Б.Золзаяагийн нэр дээр 2008 онд эзэмших эрхтэй гарсан бол 2014 онд Марс констракшн ХХК, Энерго стар ХХК, иргэн М.Эрдэнэтуяа, Э.Болормаа нар хуваан авсан байна. 2014 онд Э.Болормаа өөрийн газраас хэсэгчилэн Т.Цолмонбаярт шилжүүлжээ. Тэгвэл 2021 онд Э.Болормаа өөрийн газраа Д.Мөнхжаргалд шилжүүлсэн байх аж.
Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 23-ны өдөр Д.Баттүшигт газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдэл хүргүүлжээ.
Тус мэдэгдэлд “Дүүргийн Засаг даргын А/472 дугаар захирамжаар тус дүүргийн 32 дугаар хороо, Товчооны баруун талд 0.16 га газрыг аж ахуйн зориулалтаар танд эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Уг шийдвэр нь Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 (16.2 Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/ орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байна.) дах заалтыг зөрчиж байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-гээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсвэл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно./ дэх заалтын дагуу арга хэмжээ авч, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдэж байна.
Иймд уг асуудлаар Газрын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахтай холбогдуулан тайлбар, санал, нотлох баримт ирүүлэх тохиолдолд 2021 оны арваннэгдүгээр сарын 05-ны дотор тус албанд ирүүлнэ үү” хэмээн тусгажээ.
Тус албанаас мөн энэ сарын 22-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт илгээсэн албан бичигт Авто замын тухай хууль зөрчин олгогдсон газрыг улсын чанартай чанартай авто замын зурвасыг газрын цахимд бүртгэж өгөхийг хүсчээ. Үүнээс өмнө аравдугаар сарын 20-ны өдөр тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнийг газар дээр нь очиж ажиллах хүсэлт тавьсан боловч татгалзсан хариу өгөөд байв.
Мэдээллийг нягтлах үүднээс Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батцагаантай өнгөрөгч даваа гарагт холбогдоход эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаа хэлээд “Манай мэргэжилтэн газар цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн” гэдэг тайлбарыг өгсөн юм.
Газрын асуудалтай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батцагаанаас мэдээлэл тодруулсан сэтгүүлчид “Наад газраа орхичих. Яг яамаар байна” хэмээн санал тавьсан бол газар эзэмшигч иргэн Б.Баттүшиг 9910-тай дугаараас залган заналхийлсэн байна.
Д.Баттүшиг хэнээс сэтгүүлчийн утасны дугаарыг авч заналхийлсэн байж таарах вэ.
ООНЫН ЭВЭР ШИГ ЗЭРГЭЛДЭЭ ХОЁР ГАЗРЫН НЭГНИЙХ НЬ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖ, НӨГӨӨХИЙГ НЬ ЯАГААД ҮЛДЭЭВ
Нэгж талбарын 1801710746, 1801709722 дугаартай хоёр газрын асуудал хөндөгдсөн. Гэвч дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн Д.Баттүшигийн буюу 1801710746 дугаартай эзэмших эрхийг цуцлахаар шийдвэр хүргүүлээд байна. Нөгөө талд нь 1801709722 дугаартай Д.Мөнхжаргалын газар үлдчихэж байх юм.
Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт тус газрыг улсын чанартай авто замаар бүртгүүлэх хүсэлт өгч, газар эзэмшигч Д.Баттүшигт цуцлах шийдвэр хүргүүлсний дээр дурдсан. Гэвч начир дээрээ өчигдөр тус газарт барилгын суурь цутгаж, төмөр шон босгон бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа нь дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдлийг үл ойшоосон үйлдэл болж байна. Энэ нийслэл эзэнтэй, эзэн нь хуулиа чанд мөрддөг гэдгийг энэ мэт дураараа авирлагч нарт ойлгуулах цаг болж.
Уг газрыг эзэмшигч нь Даваадагва овогтой Баттүшиг гэж иргэн байсан юм. Түүний овог нэрээр www.opendatalab.mn сайтаас шүүж үзэхэд Радиаторланд ХХК-ийн захирал болж таарав. Тус компанийг 2011 онд байгуулсан бөгөөд автомашины засвар үйлчилгээ, автомашины сэлбэгийн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй юм байна. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас өгсөн мэдээллээр тухайн газар нь дүүргийн Засаг даргын захирамжтай тул газрыг чөлөөл гэдэг чиглэл өгсөн байна. Өмнө нь хууль ёсны дагуу олгосон газар тул өөр газарт дүйцүүлэн газар олгох байх. Газар цуцлах мэдэгдлийг иргэн Д.Баттүшигт хүргүүлсэн гэв.
Зэргэлдээ хоёр газрын нэг болох 1801709722 дугаартай Д.Мөнхжаргалын нэр дээр бүртгэлтэй газар Д.Баттүшигийн газартай холбоотойгоор дуулиан дунд нам гүмхэн үлдэх шинжтэй. Иргэн Дамбасүрэнгийн Мөнхжаргалын нэр дээр гурван компани бүртгэлтэй байх бөгөөд нефтийн бүтээгдэхүүний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, нефтийн бүтээгдэхүүний тоног төхөөрөмжийн худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх, автомашины сэлбэгийн худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тус компаниудынхаа гэрчилгээг авсан байна. Тус газар дээр хар төмөр хашаа барьсан бөгөөд хашаандаа хайрга буулгасан байв. Амьтны үрийг алаг үзэж болохгүй гэдэгчлэн яг зэргэлдээ ижил хэмжээнд шахуу хашаа хатгасан хоёр газарт Авто замын тухай хууль хоёр өөрөөр үйлчилнэ гэж дэндүү утгагүй.
Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батцагааныг эмнэлэгт байх хооронд мэргэжилтнүүд нь ямар нэг тайлбар хэлэхгүй байсаар хууль зөрчин олгогдсон газарт бүтээн байгуулалт өрнөж иргэд эд хөрөнгөөрөө хохирох вий. Төрийн албан хаагч хуульд захирагдахаас хэн нэгэн хүнд захирагдах ёсгүй билээ. Хэн нэгнээс ашиг хонжоо хараагүй бол төрийн хуулийг хамтдаа биелүүлцгээе.
Э.ТЭМҮҮЛЭН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )