Өрөө түрээслэх нэрээр охидод БЭЛГИЙН ДАРАМТ үзүүлдэг байжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

Хажуу өрөө хөлслүүлэх нэрийдлээр зарын дагуу ирсэн охидод бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэх залуугийн талаарх мэдээллийг хохирогч болсон охид илчилж эхэллээ. 

Бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан үйлдэл нь Эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог ч ихэнх охид хуулийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаагүй, гаргахаас эмээж ирсэн нь тухайн этгээдийн үйлдэл өнөөдрийг хүртэл үргэлжлэхэд хүрсэн байх талтай.

Хажуу өрөөгөө түрээслэх зар тавьж, охидыг гэртээ дуудан, бэлгийн дарамт үзүүлдэг байж болзошгүй залуугийн талаар олон охид мэдэж байна. Тэдний нэлээд нь зарын дагуу гэрт нь очсон, очсоныхоо дараа санаанд оромгүй нөхцөл байдалд орсон гэх мэт жишээг бусдыг сэрэмжлүүлэх үүднээс ил гаргаж ярьж эхэллээ. 

Гэрчүүдийн ярьснаар "Өрөө түрээслэгч" эхлээд зарын дагуу ирсэн охидыг гэртээ оруулж, хаалгаа түгждэг гэх. Ингээд байраа танилцуулж байх явцдаа биед нь хүрч, дотно харилцаанд орох санал тавьж, хариуд нь үнэгүй амьдарч болно гэх мэтээр ятгадаг ажээ.  Мөн "Швед рүү хамт явъя" гэх саналыг охидуудад тавьж, эрээ цээргүй үгтэй зурвас ч илгээдэг тухай тэд ярьж байв. 

Бид "Өрөө түрээслэгч" этгээд залуугийн талаар дөрвөн гэрчтэй уулзаж, байр суурийг нь сонссон ба анх энэ талаар фэйсбүүкт мэдээлсэн охиныг "Гар утас хулгайлсан" гэж гүтгэхийг завдсан ба дараа нь "бөөгийн хараал хийлгэнэ" гэж сүрдүүлжээ.

Сүрдүүлгэд өртсөн охин бусад хохирогч эмэгтэйчүүдтэй хамтран хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдээд байна. 
 


Бидний уулзсан охид "Өрөө түрээслэгч" залуугийн талаар өөр өөрсөд тохиолдсон жишээг дээр ярьсан болно. 

Танихгүй залуугийн гэрт санамсаргүй байдлаар бэлгийн дарамт, шахалтад өртсөн охин түгжээтэй хаалгыг яаж онгойлгож гарснаа ч санахгүй байгаагаа учирлаж байлаа...

Мөн охидыг айлгаж, ичээсэн залуу олон нийтийн сүлжээнд олон хаягтай ба хажуу өрөө түрээслэх тухай зарыг байнга түгээж харагддаг гэнэ. Энэ аргаа сүүлийн таван жил хэрэглэж байгааг бидэнд хандсан гэрч охид ярив.

Гэрчүүд буюу өрөө түрээслэхээр очсон охид тухайн залуугийн царай, нас, биеийн онцлогийг маш тодорхой хэлдэг. 

Харамсалтай нь, эдгээр охидын нэг нь хуулийн байгууллагад өмнө нь гомдол гаргасан ч доог тохуу болоод өнгөрсөн, нөгөөтэйгүүр бодит хохирол учраагүй тул шийтгэл хүлээлгэх боломжгүй байдаг гэх тайлбарыг сонсоод арга мухарджээ. 

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү энэ талаар ямар байр суурь илэрхийлснийг болон охидын дэлгэрэнгүй ярилцлагыг дээрх видео мэдээллээс бүрэн эхээр нь үзээрэй. 

Охидын эрхэд ноцтой нөлөөлсөн, гаж буруу энэ үйлдлийн талаар бид эргэн сурвалжлах болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top