“Есүй” Эх, хүүхдийн эрхийг хамгаалах төвийн үүсгэн байгуулагч М.Амартунгалагтай ярилцлаа.
-Хэдхэн хоногийн өмнө дуучин Ч.Уранхолбоо төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх хохирогч охины тухай мэдээлэл хийсэн. Энэ хэрэг дээр өөрийг тань “Хөөрхөн дэлхий” ТББ-н үүсгэн байгуулагч, дуучин Ч.Уранхолбоотой хамтран хохирогчийн ээжид туслалцаа үзүүлж байгаа гэж сонслоо.
-Миний хувьд одоогоос зургаан жилийн өмнө “Есүй” Эх, хүүхдийн эрхийг хамгаалах төв төрийн бус байгууллагыг байгуулж, тэдний эрх, хууль ёсны ашиг, сонирхол, зөрчигдсөн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавируст халдвар "Ковид-19"-ын цар тахлын улмаас идэвхитэй үйл ажиллагаа явуулж чадаагүй ч ойрын өдрүүдэд олны анхаарлыг татаад байгаа хоёр настай хүүхэд төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн байж болзошгүй гэх хэрэгтэй холбогдуулан Төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд дуучин Ч.Уранхолбоо болон мэргэжлийн өмгөөлөгчийг байлцуулан хохирогчийн ээжид зөвлөгөө өгсөн болно.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь ямагт санаатай үйлдэгддэг бөгөөд энэ нь хүүхдийн эсрэг бие мах бодын хүчирхийлэл, хүүхдийн эсрэг сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл, хүүхдийг үл хайхрах явдал байдаг. Тэр дундаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл гэдгийг хүүхдийн биеийн эмзэг хэсгүүдээр дургүй байхад нь хүчээр хүрэх үйлдлийг ойлгож болно.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрдэг гэж үздэг. Тухайлбал, шөнө хар дарж зүүдлэх, нойргүйдэх, харанхуйд айх, үргэлж уурлах, зожигрох, ганцаараа байхыг илүүд үзэх, байнга зовлон бэрхшээл тоочих, өөртөө итгэлгүй сул дорой болох, сэтгэлээр унах, ямар нэгэн зүйл нууцлах, хэн нэгний буюу эсвэл өөрийнхөө тухай учир нь үл мэдэгдэх зүйл яриад эхлэх, амиа хорлох оролдлого хийх, мансууруулах бодис хэрэглэх, олон хувцас давхарлан өмсдөг болох, маш их идэх дуршилтай эсвэл огт хоол идэх дур хүсэлгүй болох, бэлгийн харилцааны талаар их мэдлэгтэй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нь хаалттай, цоожтой хаалганы цаана далд хэлбэрээр үйлдэгддэг учир энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй байдаг болох нь ажиглагддаг. Өнөөдөр нэг хүүхдийн асуудал ярихаас илүү энэ сэдэв нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсон учраас гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр эцэг, эх, насанд хүрсэн хүн бүр анхаарах нь зүйтэй юм.
-Таны хувьд энэ төрлийн гэмт хэрэг дээр хэрхэн ажиллаж байсан туршлагаасаа хуваалцаач, Жишээлбэл, ямар хэргүүд байв?
-Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж оролцож ирсэн. Жишээлбэл, 2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтраад тус дүүргийн 20 хороонд хорооны Засаг дарга, боловсролын нийгмийн ажилтан, цагдаагийн ажилтан, нийгмийн ажилтан, өрхийн өмч нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг гаргаж бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд нэг сарын хугцаатай аян өрнүүлсэн.
Аяны хүрээнд бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй тохиолдлуудыг цагдаагийн газарт шилжүүлж, гэмт хэргийн илрүүлэлтэд тодорхой үүрэг гүйцэтгэж байсан сайн жишээнүүд бий. Жишээлбэл, төрсөн эцэгтээ долоон наснаасаа хойш 11 жил хүчирхийлүүлээд 16 насандаа хүүхдийг нь төрүүлсэн тохиолдол хүртэл гарч охин өөрөө “Дасан зохицлийн ээнэгшил” гэх сэтгэцийн эмгэгтэй, төрүүлсэн хүүхэд нь хэл яриа сонсголын бэрхшээлтэй болсныг холбогдох газрууд тогтоосон байдаг. Маш удаан хугацаанд үргэлжилсэн уг хэрэг охиныг 18 настай байхад нь илэрсэн байдаг.
Тэгэхээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхэдтэй хамгийн ойр байж болох байгууллага, боловсролын нийгмийн ажилтан, сургууль цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч, хөршүүд, боловсролын сэтгэл зүйч гэх мэт олон нийтийн оролцоог уялдаа холбоотой болгох нь чухал юм.
-Гэмт хэргийг илрүүлэхэд олон нийтийн оролцоо чухал шаардлагатай гэж байна. Үүнийг тодруулахгүй юу?
-Тийм ээ, хүчирхийллийн гэмт хэргийг илрүүлэхэд маш олон талын оролцоо чухал үүрэгтэй. Жишээ нь, сургуулийн нийгмийн ажилтан, багш, сурган хүмүүжүүлэгч нар хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хүүхдийн сэтгэл зүй, үйл хөдлөл буюу дээр дурдсан шинж тэмдгүүдийг сайтар ажиглах ёстой. Хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд бусдаасаа андашгүй болоод ирдэг. Тэр бүхнийг сайн ажиглах ёстой. Боловсрол, Шинжлэх ухааны яам Ерөнхий боловсролын сургууль болгоныг сэтгэл зүйчтэй болгохоор төрийн бодлогын түвшинд онцгой анхаарч тодорхой сургуулиудад туршилтаар ажиллуулж байгаа нь сайшаалтай. Тэдний нэг чухал үүрэг нь хүүхдийн сэтгэл зүйг мэргэжлийн түвшинд ажиглах боломж олдоно гэж ойлгож байна.
Мөн хөршийн харилцаа холбоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Магадгүй танай хамар хашаа, орц, давхарт чинь хүчирхийлэлд өртөж байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрвэл түүнийг цагдаагийн байгууллагын 107, 102, 108 дугаарын утсаар цаг алдахгүй мэдэгдэх хэрэгтэй. Дээрх хамтарсан баг болон гэр бүлийн гишүүд, ах, эгч, дүү, хамаатан садан, эцэг эх, хөршүүдийн тусламжтайгаар бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэргийг илрүүлэх боломжтой юм.
Ганцхан жишээ дурдья. Дээрх аяны явцад нөхөр нь эхнэрээ болон төрсөн гурван охиноо байнгын хүчирхийлдэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй мэдээллийг холбогдох цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Тухайн тохиолдолд ээж нь гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эдийн засгийн хараат байдлаасаа болж буюу амьдрах орлогын эх үүсвэргүй болчихвий гэх айдас болон бусад хүчирхийлэлд автахаас эмээж мэдсээр байж нуун дарагдуулж, цагдаагийн байгууллагад хандаагүй байсан. Өөрөөр хэлбэл, хохирогч “Энэ хүн шоронд орчихвол бид яаж амьдрах вэ. Мөнгө хэн олох вэ” гэсэн айдас түгшүүрт автчихсан байдаг. Энэ мэтчилэн хариуцлагагүй насанд хүрэгчид, эцэг эхчүүдээс болж цэцэг цэврүү шиг охид хохирч байгаа тохиолдлууд гарч байдаг нь туйлын харамсалтай.
-Хүчирхийллийн хэргийг цаг алдалгүй илрүүлэхэд мэргэшсэн, чадварлаг мөрдөгчид ажиллах шаардлагатай юм шиг ээ?
-Мэдээж тийм. Нөгөө талаар хүчирхийллийн хэргийг ихэвчлэн хохирогчийн гомдол мэдүүлгийн дагуу шийддэг нь зарим тохиолдолд өс хонзонгийн сэдлээр хүнийг гүтгэх асуудал гардаг. Тийм учраас энэ бүхнийг нарийн ялгаж, жинхэнэ хүчирхийлэгчийг цаг алдалгүй илрүүлэх нь чухал. Он гарсаар цагдаагийн байгууллагад бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 63 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 35-ыг нь бүртгэлжүүлэн шалгаж байгаа. Эдгээрээс 28 нь хохирогчдын хойд болон төрсөн эцэг, хэмаатан ах дүүс нь холбогдсон гэсэн албан мэдээ бий. Илэрч байгаа нь энэ. Үүний ард илрээгүй хэчнээн хэрэг үйлдэгдэж байгааг хэлэхэд бэрх.
Тэгэхээр бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг нийгэмд ямар аймшигтай хэмжээнд хүрснийг дээрх тоон баримтаас харж болно. Тухайлбал, энэ хоёр настай охины хэрэг дээр төрсөн эцэг нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй гэх гомдлыг хохирогчийн ээж ярьж буй. Тухайн хүүхдийн бичлэг яриануудыг нь сонсоход “Аав намайг ингэдэг байсан” гээд дохио зангаа үзүүлээд байдаг юм билээ. Ийм жаахан хүүхэд яагаад насанд хүрсэн хүмүүсийн үйлдлийг хийх болов. Дүрслээд дээрээс нь ярьж үзүүлж байгаа нь хүчирхийлэлд өртсөн хүүхдэд илэрч болох “Учир нь үл мэдэгдэх зүйл яриад эхлэх...” шинж тэмдэг охинд илэрсэн гэж үзэх боломжтой. Үүнийг хууль хяналтынхан үнэн мөнийг нь олж, тогтоох ёстой.
-Хуулийн байгууллага тухайн хэргийг хаасан гээд байгаа биз дээ?
-Хэргийг дээд шатны прокуророос сэргээн, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа гэж ойлгосон. Үйл явдал одоогоос хоёр жилийн өмнө болсон байдаг. Өнөөдрийн байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн нарийн үйл явцыг олон нийтэд мэдээллэх хуулийн боломжгүй. Мөн миний хувьд тухайн хэргийн оролцогч биш учраас хохирогчийн ээжийн олон нийтэд өгч байгаа мэдээлэлтэй адил ойлголттой байгаа.
-Хохирогчийн ээж нь тухайн хэргийн хавтаст хэрэгтэй танилцах боломжгүй байгаа гэсэн үү?
-Насанд хүрээгүй хохирогчийн Хууль ёсны төлөөлөгчөөр Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрыг тогтоосон тул хохирогчийн ээж хэргиййн оролцогч биш учраас хавтаст хэргийн материалтай танилцах хуулийн боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэгт хууль ёсны өмгөөлөгч нь л хохирогчийн төлөөлөгч болох ёстой гэсэн үг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Олон нийтийн тв , сонин хэвлэл, сошиалаар садар самуун завхайрлыг харуулсан кино ший жүжиг энэ тэрээ соёлын яам хэмжээ хязгаар тавиасай! Бас манай охид хүүхнүүд миний эрх гээд дураараа задгай хувцаслах, царай зүс биеэ улам төгс болгох гэж яддагаа болоосой. Энэ нь бусдад нөлөөлж буйг ойлгож байгаадаа сэтгэл нь ханаж сураасай. Эцэг эх нь хүүхдүүдээ зөв хүмүүжүүсэй дээ.