“Цар тахал”-ын хажуугаар “Цагаан тахал” гаарсаар байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

Цар тахал хаа сайгүй тархсан энэ цаг үед “Цагаан тахал” гэгдэх хар тамхины хар сүүдэр монголчуудыг бүрхсээр байна. Байсхийгээд л хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргийн тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрч, олны танил, томчуудын хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдсон тухай мэдээлэл гарах болов. Хамгийн аймшигтай нь хар тамхи хэрэглэгчдийн 80 хувь нь залуус байгаа дүн мэдээг албаны эх сурвалжаас гаргаад байгаа юм. Хэдхэн жилийн өмнө Монгол Улс хар тамхи тээвэрлэн дамжуулдаг улсын тоонд ордог байсан бол өдгөө хэрэглэгч орны тоонд орсон тухай мэдээлэл байна. Үүнийг гэрчлэх хамгийн том жишээ бол ойрын хугацаанд гараад буй хар тамхитай холбогдох хэргүүд юм. Баримт дурдъя.

Швейцараас Монгол руу хар тамхи тээвэрлэж явсныг илрүүллээ

2021 оны аравдугаар сар

Беларусын Брест хотын хилчид хүүхдийн тоглоом дунд нуусан хар тамхи илрүүлсэн тухай мэдээлэл өчигдөр хэвлэлээр цацагдав. Тодруулбал, Швейцараас Монгол руу ачаа тээж явсан Volvo машиныг Козловичи боомт дээр шалгасан байна. Машинд хүүхдийн хувцас, тоглоом, хүнс зөөж явсан ч нарийвчилсан үзлэгээр цаасанд боосон сэжигтэй зүйл илэрчээ. Цаасанд боолттой уг зүйлийг шинжилгээнд илгээхэд “гашиш” гэх нэртэй мансууруулах төрлийн бодис гэдэг нь батлагджээ. Нийт 90 грамм жинтэй “гашиш”-ийг хураан авч, хуулийн байгууллага эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

Өмнөд Африкаас мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдав

2021 оны наймдугаар сар

Өмнөд Африкаас 989.2 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг өнгөрөгч наймдугаар сарын 11-нд гарав. Хэргийг цагдаагийн албан хаагчид цаг алдалгүй илрүүлж, гэмт хэрэгтнийг баривчилсан байдаг. Уг гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүргийн иргэн Э нарыг холбогдуулан шалгаж байв. Улмаар иргэн Э-г саатуулсан бөгөөд тэрбээр өмнө нь Хонгконг улсад хар тамхи, мансууруулах бодисыг зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ял эдэлж, 2020 онд суллагдан Монгол Улсад ирсэн нэгэн байв.

Малави улсаас Монголд ирсэн илгээмжээс “мөс” илэрсэн нь...

2021 оны тавдугаар сар

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын DHL дэх хяналтын бүсэд энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр Малави улсаас хувийн хаягаар “Туушин” ХХК-аар тээвэрлэгдэн ирсэн .........24 манифест дугаартай дөрвөн кг жинтэй илгээмж ирсэн байдаг. Эх сурвалжаас өгсөн мэдээллээр тус илгээмж дотор 200 гаруй грамм “Мөс” метамфетамин хар тамхи ирсэн байжээ. Үүнийг цагдаагийн байгууллага илрүүлж, гэмт үйлдлийг таслан зогсоосон байна.

Иргэн Б-ийн нэр дээр Сьеррө-Леоне улсаас хар тамхи ирэв

2021 оны гуравдугаар сар

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр өнгөрөгч гуравдугаар сарын 19-ний өдөр олон улсын илгээмжийн UPS-ээр манай улсын иргэн “Б”-ийн нэр дээр гадаадаас ирсэн илгээмжээс мөн мансууруулах бодис илэрсэн байна. Тодруулбал, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Сьерра-Леоне Улсаас илгээгдсэн 1,1 кг жинтэй ... 14-A манифест дугаартай илгээмжээр 250 грамм орчим “Мөс” метамфетамин хар тамхи ирснийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоосон байна.

Англиас Монгол руу хар тамхи илгээсэн байв

2020 оны аравдугаар сар

 Англи улсаас Монгол Улсын “Б” гэх карго тээвэр зуучийн компаниар иргэн “Г”-ын нэр дээр ирсэн 3,8 килограмм илгээмжийг гаалийн шалгалтаар оруулахад хоёр ширхэг бор шилэн савтай мансууруулах төрлийн бодис байх магадлалтай, хаяг шошго нь сэжиг төрүүлэхүйц тэмдэглэгээтэй эд ирснийг албаныхан илрүүлжээ. Тэдгээр зүйлийг гаалийн эрэлч нохой болон мансууруулах бодис илрүүлэх төхөөрөмжүүдээр шалгаж үзэхэд “эерэг” үр дүн өгсөн тул нягтлан шалгах зорилгоор Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторид шинжилгээнд явуулахад шинжээчийн дүгнэлтээр уг сэжиг бүхий зүйлд “каннабидиол” гэх мансууруулах төрлийн бодис илэрчээ. Иймд уг хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлсэн байдаг.

Малайзаас 1000 грамм “мөс” илгээснийг илрүүлэв

2020 оны есдүгээр сар

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн хяналтын бүсээр өнгөрөгч оны есдүгээр сарын 10-ны өдөр Малайз улсаас илгээгдсэн манай улсын иргэн “А” хүлээн авагчтай, 10.62 кг жинтэй илгээмжээр 1000 грамм орчим “Мөс” метамфетамин хар тамхи ирсэн хэргийг манай цагдаагийнхан мөн таслан зогсоосон байдаг.

Амны хаалтны завсар хар тамхи хийсэн байсныг олов

2020 долоодугаар сар

Хилээр хар тамхи их хэмжээгээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг өнгөрсөн оны долоодугаар сард гарч байв. Цар тахалтай холбоотой эм эмнэлгийн хэрэгсэл, тэр дундаа амны хаалтыг аль болох шуурхай хилээр нэвтрүүлж байсан тухайн цаг үед хайрцагтай маскны дунд хар тамхи хийж хил нэвтрүүлэхийг завдсан байдаг. Тодруулбал, Монгол Улсын иргэншилтэй Б гэх этгээд Гашуунсухайт боомтоор мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан аж.

Монгол Улсын хэмжээнд он гарсаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 80 гаруй гэмт хэрэг гарсан талаар албаны эх сурвалж хэлж байна. Дээрх хэрэгт холбогдуулан 143 хүнийг шалгаж байгаа аж. Албаныхны онцолж буйгаар хар тамхитай тэмцэх газрын хураан авсан бодисын хэмжээ өмнөх оноос хоёр дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл, манай улсын хилээр орж ирж буй хар тамхины хэмжээ жилээс жилд өсөж байна гэсэн үг. Хууль хяналтын байгууллагаас илрүүлсэн нь л энэ болохоос цаана нь илрээгүй хэчнээн хэрэг үйлдэгдэж, хар тамхиорж ирж байгааг хэлэхэд бэрх. Ханиадны цар тахлын хажуугаар хар тамхины “Цагаан тахал” Монголыг нөмөрч байгааг төр засгаас анхаарах цаг болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(59.153.114.193) 2021 оны 11 сарын 03

arhi bol har tamhi

0  |  0
uuree(66.181.161.84) 2021 оны 11 сарын 03

uuniiv zuvhun erh medel munguur toglochid hiij bgaa ym yduu arduud yu n gadaadaas ilgeemn avah ve?? ter humuus mgl.n huuliig denduu daajignaad olon ch havariig unguruuj bndaa!!!

0  |  0
zaluu(202.21.124.4) 2021 оны 11 сарын 03

Хар тамхи хураагаад хэрхэдэг талаар сонирхох хэргэтэй

0  |  0
Top