Бээжин ард түмэндээ ХҮНСЭЭ НӨӨЦЛӨХИЙГ зөвлөлөө

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

Цаг агаарын таагүй байдал, эрчим хүчний хомсдол, КОВИД-19-ийн хязгаарлалт зэрэг нь нийлүүлэлтийг тасалдуулж болзошгүй тул Бээжингээс  ард иргэддээ хандаж, хоол хүнс болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлээ нөөцлөхийг зөвлөжээ.

Өнгөрсөн даваа гаргийн орой тус улсын Худалдааны яамнаас өдөр тутмын хэрээгцээт бүтээгдэхүүн буюу хүнсний ногоо, тос, шувууны мах зэргээ нөөцлөхийг уриалсан мэдэгдэл гаргажээ. Түүнчлэн тус агентлаг орон нутгийн удирдлагуудыг энэ өвлөөс ирэх хавар хүртэл зайлшгүй шаардлагатай зүйлсээр ард иргэдээ  хангахыг үүрэг болгосон байна.

Сүүлийн үед Хятадад аадар даяар бороо үргэлжлэн орж байгаатай холбоотойгоор тариалангийн талбай сүйдэж, хүнсний ногооны үнэ өсөөд байгаа билээ.

Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Глобал Таймс сонины редактор Ху Сижин уг мэдээллийг хүмүүс хамгийн их уншиж буй талаар онцолжээ. Дэлхийн улс орнууд цар тахалтай зэрэгцэн амьдарч эхлээд буй энэ үед  БНХАУ “Zero Covid” гэх  бодлого баримталж байгаа юм.

Түүнчлэн Бээжин хотын Худалдааны товчооны ажилтан Ван Хункун “КОВИД-19”-ийн тохиолдлыг таслан зогсоох үндэсний хэмжээ нь хүнсний бүтээгдэхүүний өртөг нэмэгдэхэд нөлөөлж магадгүйг анхааруулжээ. Харин Төрийн өмчит “Economic Daily” БНХАУ-ын Худалдааны яамнаас гаргасан уг мэдэгдэлтэй холбогдуулан эрх баригчид  КОВИД-19-ийн улмаас хэсэг хугацаанд тогтоож болзошгүй хөл хорионд бэлтгэлтэй байхыг иргэдэд сануулж байна гэжээ.

Мөн Худалдааны яамны ажилтан Жу Шяолянтай хийсэн ярилцлагыг нийтэлсэн бөгөөд тэрбээр хүмүүсийн өдөр тутмын хангамж хүрэлцээтэй байгаа бөгөөд айх аюулгүй гэжээ.

Өнгөрсөн аравдугаар сард  Бээжинд зарим хүнсний ногооны үнэ 50 болон  түүнээс дээш хувиар өссөн байна. Өнгөрсөн есдүгээр сард бууцайны үнэ зургаан юань байсан бол одоо 17 юань болж өсөөд байгаа аж. Үүнээс гадна ирэх өвлийн саруудад ургац хурааж авах боломжгүй учраас БНХАУ-д хүнсний ногооны үнэ дахин өснө гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Цэцэгт байцай, өргөст хэмхний  үнэ өнгөрсөн долоо хоногт хоёр дахин нэмэгдсэнээр нэг кг гахайн махнаас илүү үнэтэй болсон байна. Бээжингийн эрх баригчдын гол анхаарлаа хандуулж байсан зүйл нь эрчим хүчний хямралтай холбоотой инфляцын өсөлт байсан бол ийнхүү дараагийн сорилт нь хүнсний ногооны ханш болоод байна.

Дэлхий дахинд хүнсний ногооны экспортын талаас илүү хувийг Нидерланд нийлүүлдэг бөгөөд  Хятад хоёрдугаарт ордог. Гэсэн хэдий ч Хятад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хамгийн түрүүнд ирэх өвлийн саруудад дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлээд байна.

Энэ зорилтын улмаас Зүүн Азийн улс орнууд болон Австрали, Шинэ Зеланд, Монгол зэрэг орнуудад хүнсний ногоо болон олон төрлийн хоол амтлагчуудын хомсдолд орно гэдгийг мэргэжилтнүүд мэдэгджээ. Бээжин хотод ногооны бөөний үнэ 39 хувиар, навчит ногооны үнэ 50 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top