Ц.Шаравжамц: Спортын салбарын “цус гүйх” боломж гэж харж, гурав дахь тунгаа хийлгэлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр /2021.11.04/ Ковид-19 халдварын эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдлаа.

Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц тамирчдаа уриалж, дархлаажуулалтад хамрагдсан юм. 


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

Дархлаажуулалтын үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцтай цөөн хором ярилцав.



-Үндэсний шигшээ багийн тамирчид гуравдугаар тунд хамрагдаж байна. Мөн та тамирчдаа уриалж нэмэлт тунгаа дөнгөж сая хийлгэлээ. Гуравдугаар тунд хамрагдах нь ямар ач холбогдолтой гэж харж байна вэ?

-Эрүүл мэндийн яамнаас ковид-19 халдварын эсрэг вакцины ач холбогдлын талаар хэд хэдэн судалгаа гаргасан байдаг. Тухайлбал, хоёрдугаар тун хийлгэснээс 3-6 сарын хугацааны дараа хоёр тун вакцины хамгаалалт багасаж байгаа. Тиймээс сэдрээх тунг нэмэлтээр хийж байна. Гэтэл гуравдугаар тундаа хамрагдсан хүн цөөхөн байна.

Барууны өндөр хөгжилтэй орнуудад гуравдугаар тунг дөнгөж тарьж эхэлж байна. Манай улс дэлхийн улс орнуудын түрүүнд алхаж гуравдугаар тун хийлгэж байгаад баяртай байна.

Мөн засгийн газрын хуралдаанд саяхан хэлэлцсэн байгаа. Вакцины гуравдугаар тунгаа хийлгэсэн бол түргэвчилсэн шинжилгээ өгөхгүйгээр соёл урлаг, спортын үйл ажиллагааг үзэж, оролцож болно гэсэн.

Манай спортын салбар хоёр жил гаруйн хугацаанд гацаанд байсан. Улс дотроо бол ямар ч тэмцээн уралдаан болоогүй. Вакцины гурван тун хийлгэж, спортын үйл ажиллагааг тавин хувийн дүүргэлттэйгээр нээсэн нь хүнд үеэс гарах боломж гэж харж байна.

Өөрөөр хэлбэл  энэ нь манай салбарын “цус гүйх” боломж нь гэж харж байгаа учраас салбарынхныгаа уриалаад гурав дахь тунгаа хийлгэлээ.

Өнөөдөр үндэсний шигшээ багийн гуравдугаар тунгаа хийлгээгүй байсан тамирчин, дасгалжуулагч нар хийлгэхээс гадна салбарын бусад ажилтнууд ч мөн хийлгэж байна. Хэрэв өнөөдөр хамрагдаж амжихгүй бол ирэх даваа гарагаас хийлгэнэ.

Тиймээс нийт спорт сонирхогчдодоо гуравдугаар тунд хамрагдахыг уриалж байна. Гуравдугаар тундаа хамрагдаад спортын үйл ажиллагаандаа оролцож, тэмцээн, уралдаан үзэхийг уриалж байна.

-Өнгөрсөн хугацаанд тамирчдын дунд  өвчлөл хэр байв?

-Манай тамирчид вакцины хувьд түрүүлж хөдөлсөн. Гадагшаа тэмцээн уралдаанд байнга явдаг учраас нийт шигшээ багийнхандаа Астра-Зенека вакцины 1,2-р тунг хийлгэсэн. Гэхдээ олон улсад тэмцээнд явж байх үедээ жүдо, чөлөөт бөх гэх мэт шигшээ багийнхны нэлээдгүй хувь нь коронавирус туссан. Вакцины хоёр тун хийлгэсэн байсан учир хөнгөн тусаад эдгэсэн. Тухай бүрт нь арга хэмжээ авч байсан.

Нэг хэсэг хорионд оруулаад гаднаас хүн оруулахгүй, дотроос хүн гаргахгүйгээр 90 хоногийн хугацаанд “Найрамдал” зусланд тусгаарлаж, бэлтгэл хийлгэсэн юм. Үүний ачаар шигшээ багийнхны дунд өвчлөл бага гарсан. Мөн бэлтгэл хийх цаг хугацаа их байсны үндсэн дээр өнгөрсөн олимпын наадамд манай шигшээ багийнхан амжилттай оролцлоо.

-Үндэсний шигшээ баг олимпын дараа бүрэлдэхүүнээ өөрчилдөг. Үндэсний шигшээ багийн шинэ бүрэлдэхүүний нэрс тодорхой болсон уу?

-Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах журамд өөрчлөлт орж байгаа. Тун удахгүй шинэ журам батлагдана.

Журмын дагуу үндэсний шигшээ багаа сонгон шалгаруулдаг. Өмнө нь шигшээ багийн дасгалжуулагчдыг холбоод нь сонгодог, тамирчдаа дасгалжуулагч болон холбоод нь нийлж сонгодог байсан. Шинэ журамд бага зэрэг өөрчлөлт орох байх. Шинэ журмын дараа үндэсний шигшээ багийн тамирчдын сонгон шалгаруулалт явагдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Балай амьтан вэ Чи(192.82.84.163) 2021 оны 11 сарын 05

3 дугаар тунгаа хийлгээгүй байсан юм уу. Балай амьтан вэ Чи.

1  |  0
Top