Гарьд Ө.Бат-Орших Бахархлын өдрийн барилдаанд түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 06

17 дугаар жарны "Цөөвөр" хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан Улс, аймгийн алдар, цолтой 128 бөхийн барилдаан боллоо. 

УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням, Гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Д.Мягмар, улсын начин Ц.Дуламсүрэн нарын зочид барилдааныг үзэж сонирхлоо. 

Барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан М.Бадарч, улсын харцага Т.Баасанхүү, О.Хангай, Б.Одгэрэл, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ Б.Зоригтбаатар, өсөх идэр начин Ч.Батчулуун, Б.Орхонбаяр тэргүүтэй энэ цагийн шилдэг бөхчүүд зодоглов.

Энэ барилдаанд аймгийн харцагаас дээш цолтой бөхчүүд зодоглож, аймгийн начин, сумын цолтнууд багтсангүй. Улсын гарьд Ө.Бат-Орших долоо даван түрүүлснээр Монгол бахархлын өдрийн барилдаанд хоёр дахь удаагаа тэргүүн бөхөөр тодров.

Үзүүр бөх О.Хангай харцага гурав, тавын даваанд Б.Зоригтбаатар харцага, Б.Орхонбаяр начин нарыг амлан барилдаж, үзэгч олноо цэнгүүлэн баясгалаа.

Их шөвөгт М.Бадарч заан, өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарав. Харин дунд шөвгийн наймд улсын харцага Б.Одгэрэл, өсөх идэр начин Б.Орхонбаяр, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан М.Еркебулан нар үлдэв. 

 

 

Өчигдөрхөн Үндэсний спортын 14 холбоо нэгдэн Монголын Үндэсний Спортын Хороог шинэчлэн байгуулсан бөгөөд Тэргүүлэгчдийн нэгдсэн хурлаараа Монголын Үндэсний Спортын Хорооны Ерөнхийлөгчөөр МҮБХ-ны Тэргүүн Монгол улсын заан Ц.Магалжавыг 100%-ийн саналаар сонгосон байна.

Өнөөдрийн барилдаан дээр Монголын Үндэсний Спортын Хорооны тамгаа албан ёсоор ерөнхийлөгчөөр сонгогдсон МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжавт гардуулан өглөө. 

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(66.181.161.3) 2021 оны 11 сарын 06

бөхөө үзэх сайхан байлаа удахгүй бөх үздэг залуусгүй болж монгол төр гундах болно харамсалтай

1  |  0
Зочин(192.82.70.247) 2021 оны 11 сарын 07

Барилдахаасаа таахалзах нь гэгчээр барилдаахаасаа емне барилдана, барилдахгуй гэж баахан шоудаад, солиорч егех юм аа энэ т1-ууд, еерсдийгее терд хэрэгтэй зайран гэж боддог бололтой энэ бехчингууд

1  |  1
Top