Шилдэг уран бүтээлчид Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртлээ 

2021 оны 11 сарын 08

Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөл хуралдаж, Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, Г.Сэр-Одын нэрэмжит шагналын эздийг тодруулж, энэ сарын 4-ний өдөр шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Монголын зохиолчдын эвлэлийн шагналаар зохиолч, яруу найрагч, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Т.Дарханхөвсгөл, А.Сүглэгмаа нар шагнагдлаа. Мөн тус шагналаар Л.Батсайхан, О.Жаргалсайхан, Ч.Норовсүрэн, Д.Нямдорж, Б.Пүрэврэнцэн, Х.Эрдэв нар тодорч, энгэрийн тэмдэг батламжаа гардан авсан юм. Харин залуу уран бүтээлчдэд олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналаар МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, зураач Г.Мөнхбаатар, Б.Дэлгэрцэцэг нарт гардууллаа.

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон шилдэг бүтээлийн “Алтан өд”, шилдэг яруу найргийн “Болор цом”, шилдэг өгүүллэгийн “Утгын чимэг” наадмыг тус тус  зохион байгуулж уран бүтээлчдийнхээ шандас, хүчийг сорьж, урлан бүтээхийн хүсэл тэмүүллийг бадраадаг билээ. Тэгвэл цар тахлын үед ч эдгээр тэмцээн, наадмууд амжилттай болсон байна.

Шагнал гардуулах үеэр Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Цэнджав “Арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Монголын зохиолчдын эвлэлийн 17-р чуулган  болох гэж байна. Их хурлын өмнө авьяаслаг, уран бүтээлээ ид туурвиж яваа зохиолч, яруу найрагч нарт утга зохиолын эрхэм, хүндтэй шагнал болох МЗЭ-ийн шагналыг гардуулж байна. Мөн залуу уран бүтээлч нартаа Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг олголоо. Бидэнд маш олон хүний тодохойлолт ирдэг. Үүнийг МЗЭ-ийн удирдах зөвлөлийн 15 хүн хэлэлцэж, уншигч болон судлаач, шүүмжлэгч нарын үнэлгээг үзэж, тал талаас нь нарийн хэлэлцсэний дүнд шагналын эздийг тодруулдаг” гэлээ.

Мөн Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн О.Жаргалсайхан ”Монголын үе үеийн нэрт зохиолчдын энгэртээ зүүж байсан хүндтэй шагналыг гардан авсандаа баяртай байна. Миний хувьд Японы уран зохиолыг Монголын уншигчдад хүргэх үйлсэд 30-аад жил зүтгэсэн. Японы нэрт Харүки Мураками зохиолчийн бүтээлийг орчуулан хүргэдэгээр минь хүмүүс мэдэх байх. Тухайлбал, “Торгон цэргийн хороон даргын аллага”, “1Q84”, “Өнгөгүй тазаки цүкүрү” зэрэг зургаан боть роман орчуулсан байна. Мөн “Өөртөө тусгах ухаан”, “Эрдмийг эрхэмлэх ухаан”, “Тал нутгийн тэмдэглэл” гэх мэтчилэн өөр олон бүтээл бий. Сүүлийн үед монголчууд гадаадын утга зохиолыг сонирхох болсон нь ажиглагдаж байгаа.

Миний хувьд Японы нэрт зохиолчдын оюун санааны их хүчийг Х.Муракамигаар төлөөлүүлэн Монголын утга зохиолд “чирч” авчрах эрхэм үүргийг гүйцэтгэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Д.ЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top