ХУУЛЬ ТӨРӨХИЙН ӨМНӨ: Монголын төр иргэдийнхээ эрхийг "боомилж" иржээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

Монголын төр иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг "боомилж", хүний эрхийг зөрчин хуульчилж, түүнийгээ өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн талаар өчигдөр /2021.11.08/ УИХ-ын гишүүн Н.Учрал мэдэгдлээ.

Яг дээрх асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг хөндөж, 1994 онд батлагдаж, 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулж байсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, бүр хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатай гэдгийг ярилаа.

Учир нь, уг хуулийн 10 дугаар зүйл нь бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж, цаашлаад хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа аж.

Тиймээс Жагсаал цуглаан хийх тухай журмын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хуулийн 10 дугаар зүйлийг нь бүхэлд нь хасах ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал тайлбарлалаа.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийг бүхэлд нь хасаж, хуульд өөрчлөлт оруулна. Ингэснээр иргэд жагсаал цуглаан хийхдээ зөвшөөрөл авдаггүй болно.

Эл хуулийн "золиос" болсон хамгийн ойрын жишээ бол саяхан төв талбай дээр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр жагсаал, цуглаан хийж байхдаа хуулийнханд баригдсан Д.Монголхүү, Э.Одбаяр нар юм. Тэднийг Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхээр жагсаал, цуглаан зохион байгуулсных нь төлөө цагдан хорьж, эрхийг нь хязгаарласан байдаг.

Уг нь, тухайн дүүрэг, аймгийн Засаг дарга нь жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл олгох бус зөвхөн бүртгэл хийж, тэдний аюулгүй байдлыг нь хангах ёстой гэдгийг хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар Засгийн газар саналаа хүргүүлсэн УИХ-ын гишүүн Н.Учрал хэлж байна.

Тэрбээр "Үндсэн хуульд үг бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхийг өгсөн. Гэтэл өнөөдөр жагсаал цуглаан хийх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал тухайн орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг. Уг нь, бүртгэдэг зохицуулалт болохоос зөвшөөрөл олгодог зүйл биш юм. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулна. Хэрэв жагсаал цуглаан хийх гэж байгаа бол Засаг даргадаа бүртгүүлдэг, зөвшөөрөл авдаггүй байхаар өөрчилнө. Жагсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлэхдээ ямар ч зөвшөөрөл авахгүй, зөвхөн Засаг даргадаа мэдээлэл хүргэдэг болно. Харин төр аюулгүй байдлыг нь хангах үүднээс л мэдээллийг нь авдаг болохоос зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэдэг байж болохгүй" гэж ярьж байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.85.243) 2021 оны 11 сарын 09

МОНГОЛчууд шиг нэг намаар 100 жил дарлуулж буй улс байдаг болов уу.Үгүй л байхаа даа.

0  |  0
Иргэн(192.82.75.128) 2021 оны 11 сарын 09

100 жилд нэг удаа сэрэв. МАН 100 жилийн дарангуйлалд корана дургүйцэж иргэдийг сэрээв бололтой.

0  |  0
зочин (202.9.46.111) 2021 оны 11 сарын 09

МОНГОЛЧУУД ШИГ АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ НЬ ХЭТЭРЧИХСЭН, УЛС ҮНДЭСТЭН ЕР НЬ БАЙНА УУ?

0  |  1
Top