Ажлын байран дээрээ архидсан НЭМГ-ын ажилтнуудыг чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10


Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын ажилтнууд ажлын байран дээрээ архидан согтуурсан гурван ажилтнаа ажлаас чөлөөлсөн байна. Энэ талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж дараах мэдээллийг өгсөн юм. 


-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ажилтнууд ажлын байран дээрээ архидан согтуурсан талаар тодорхой мэдээлэл өгвөл?

-НЭМГ болоод Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр дахин их ачаалалтай ажиллаж байгаа. Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудад нийт 7000 гаруй хүн ажиллаж байна. Үндсэн тусламж үйлчилгээнээс гадна ковидын хариу арга хэмжээний тусламж, үйлчилгээ, өрхийн тусламж, үйлчилгээ, хэвтэн эмчлүүлэх гэх мэт бүх үйл ажиллагаанд эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.

Энэ ачаалалтай ихтэй хүнд цаг үед эмнэлгийн байгууллагын ажилтнуудын дунд туйлдлын хам шинж үүссэн нь үнэн. Ийм нөхцөл байдлаас гарахын тулд Нийслэлийн Засаг даргын зөвлөлд есөн хүний бүрэлдэхүүнтэй Ковидын хэлтсийг түр байгуулах саналыг оруулан хэлэлцүүлж, батлуулсан боловч цалингийн сан нэмэгдээгүй учраас нэмэлтээр хүн ажиллуулж чадахгүй байна.

Ажлын байран дээр архидан согтуурах асуудал гарсантай холбогдуулаад тодорхой тооны хүнийг ажлаас чөлөөлсөн. Ингэж ажлаас чөлөөлсөн нь нийгэмд буруу ойлголтуудыг бий болгож байна.

-Хэдэн албан хаагч ажлын байран дээрээ хариуцлага алдан, зохисгүй үйлдэл гаргасан юм бэ?

-Ажлын байран дээр, өрөөндөө архидан согтуурсан гурван хүнд хариуцлага тооцсон.

-Ажиллах хүчнийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын ажилчдыг дэмжих чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Дэлхий дахинд үүсээд байгаа туйлдлын хам шинжээс сэргийлэхийн тулд түр хугацаанд ажлыг нь солих, тухайн орчноос нь зайтай байлгах, стресс, ачааллыг нь бууруулах, сэтгэл зүйн болон халамжийн үйлчилгээг үзүүлэх, цэвэр агаарт сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх зэрэг янз бүрийн арга хэрэглэж байна. Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын дагуу бид 12 хүртэлх насны хүүхэдтэй, жирэмсэн ажилчдаа цахимаар ажиллуулах, аарц, амин дэмээр хангах, ажлын ачааллыг нь бууруулах чиглэлээр ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын ачаалал маш өндөр байгаа. Хамгийн ойрын жишээ гэхэд надтай хамт ажилладаг жолооч гэхэд дөрвөн удаа солигдсон. Энэ нь өнөөдрийн нөхцөл байдал хүнд байгаагийн илрэл юм.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top