Хүүхдээ хөнөөсөн Ж.Золбоосайханы 20 жилийн ялыг хэвээр үлдээлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

Өнгөрөгч 2020 оны аравдугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэн, 33 настай Ж.Золбоосайхан нь архидан согтуурсан үедээ ой дөрвөн сартай хүүхдээ саваа модоор зодож, амь насыг нь хохироосон хэрэг гарч байсан.

Улмаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Золбоосайханыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар 20 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Хэрэгтэн этгээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу энэ оны наймдугаар сард хэргийг хэлэлцээд,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн юм.

Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Ж.Золбоосайханд 20 жил хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top