Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр (2021.11.11) зарлиг гаргаж, "Токио-2020" олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, спортын салбарынханд төрийн одон, медаль хүртээлээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар олимпын наадамд баг тамирчдаа амжилттай бэлтгэж, медальд хүргэсэн Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий дасгалжуулагч, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Хосбаяр, парапауэрлифтингийн дасгалжуулагч Д.Баттулга нар Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн юм.
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга нь 1974 оны дөрөвдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн. 1982-1992 онд арван жилийн 56-р сургууль, 1992-1996 онд УБИС-ийн БТДС-ийг бөхийн багш дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөн. 2000-2002 онд Удирдлагын академийг бизнесийн удирдлагын менежер мэргэжлээр дүүргэж, 2002-2003 онд АНУ-ын Life University сургуульд өндөр зэрэгтэй тамирчин бэлтгэх дасгалжуулагчийн сургалтад хамрагдсан. 2004 онд Итали улсын Ром хотноо Олон улсын дасгалжуулагчийн зэрэг авсан.
Ажлын гараагаа 1993 онд бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай 73-р сургуульд бөхийн багшаар эхэлсэн бөгөөд 1997 онд чөлөөт бөхийн “Арслан” клубыг үүсгэн байгуулж өнөөдөр хүртэл клубын захирал, дасгалжуулагчаар ажиллаж байна. Мөн 2000-2002 онд УБИС-ийн БТДС-д бөхийн багшаар ажилласан бөгөөд 2009-2011 онд Тайвань улсын Үндэсний шигшээ багт зөвлөх дасгалжуулагчийн ажил эрхэлсэн. 2017 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.
1998-2021 оны хооронд насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн Дэлхийн АШТ-д 18 удаа шавь нараа дасгалжуулан, Зуны олимпийн наадамд 2004, 2008, 2021 онд Монголын багийн ахлах дасгалжуулагч, дасгалжуулагчаар оролцож байв.
Бэлтгэсэн баг тамирчдын хувьд насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн Улсын АШТ-д багаараа 6 удаа түрүүлж, 5 удаа 2-р байр, 3 удаа 3-р байр эзэлж байсан. Клубын шавь тамирчдын дундаас Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар, Э.Ням-Очир, Олон улсын хэмжээний мастер цолтон 18, спортын мастер цолтон 32-ыг тус тус төрүүлэн гаргасан. Клубийнхээ Э.Ням-Очир, Ж.Чулуунбат, Ц.Магалжав, Т.Энхтуяа, Д.Баясгалан, Т.Энх-Амгалан, У.Баярхүү, Д.Эрдэнэтулга, Т.Тулга, М.Лхагвагэрэл, З.Занабазар, Ц.Гантөгс, Б.Батжаргал, З.Сумьяабазар, Б.Баярсайхан, сүмоч Шёотэнро Д.Нямсүрэн, үндэсний бөхийн улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Ц.Магалжав, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Т.Энхтуяа, Ж.Чулуунбат, Б.Батжаргал нарын олон шавийг спортын амжилтад хөтөлсөн. Клубын тамирчид болон үндсэн шавь нарын дундаас Б.Наранбаатар ДАШТ-ээс 2005 онд хүрэл, 2007 онд мөнгө, Э.Ням-Очир 2014 онд хүрэл, М.Лхагвагэрэл, Т.Тулга нар 2021 онд хүрэл медаль хүртэж, Б.Наранбаатар, Ж.Чулуунбат, Т.Энхтуяа, Э.Ням-Очир, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар олимп дэлхийн АШТ-ий шагналт байрт шалгарч явсан.
Клубын гадаад харилцааг өргөжүүлэн 2003-2008 оны хооронд жил бүр нэг, нийтдээ долоон өсвөр тамирчныг АНУ руу бөхийн программтай сургуульд явуулсан бөгөөд Б.Мянганбаяр NCAA-гийн 3 удаагийн аварга болж, Б.Мөнхбаатар, Л.Төртогтох нар All American-ы шилдэг 10-т шалгарч байсан.
2017 оноос Монгол Улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж, 2017-2021 оны хооронд болсон олимп дэлхийн түвшний тэмцээнүүдэд өндөр амжилтыг үзүүлсэн. Тамирчин Б.Болортуяа Токио-2020 олимпийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 53 кг-ийн жинд хүрэл медаль, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2017 онд П.Орхон алт, Э.Бэхбаяр хүрэл, 2018 онд О.Насанбурмаа мөнгө, Б.Шоовдор, Т.Түвшинтулга нар хүрэл, 2019 онд Б.Болортуяа, Б.Шоовдор, С.Батцэцэг, 2021 онд М.Лхагвагэрэл, Т.Тулга, Д.Отгонжаргал, Э.Даваачимэг, Б.Шоовдор, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дэлхийд III-VII байранд долоон удаа шалгараад байна.
Түүнчлэн шилдэг багуудын Дэлхийн цомын тэмцээнд баг тамирчдаа зургаан удаа удирдан оролцохдоо 2017, 2018 онд III байрт шалгарч хүрэл медаль хүртсэн. Ийнхүү Б.Баттулгын шавь нар, дасгалжуулж удирдсан тамирчид нь Олимпийн наадмын нэг хүрэл, ДАШТ-ий болон Дэлхийн цомын тэмцээний нэг алт, хоёр мөнгө, 17 хүрэл медаль хүртээд байгаа юм. Мөн U23 насны бөхчүүдийн ДАШТ-ээс 2017-2021 оны хооронд хоёр мөнгө, 11 хүрэл медалийг ҮШБ-ийн тамирчид хүртжээ.
2017-2021 оны хооронд Б.Баттулгын удирдсан ҮШБ-ийн бөхчүүд Азийн АШТ-ээс зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд 6 алт, 18 мөнгө, 24 хүрэл медалийг эх орондоо авчирсны дээр 2021 онд Монгол Улсын спортын түүхэнд анх удаа багаараа Ази тивийн аварга цол хүртэж, Алтан цомоор шагнуулав. Мөн Үндэсний шигшээ багийн сургалт дасгалжуулалт, сэргэлтийн бэлтгэл, гадаад харилцаанд олон шинэлэг ажлыг нэвтрүүлж, сэтгэлзүйн бэлтгэлийг өндөр түвшинд хүргэсэн.
"Токио-2020" олимпийн наадамд түүний удирдлага дор 9 тамирчин олимпийн эрх биелүүлж оролцсон (түүний дотор эмэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээр) бөгөөд 53 кг-ийн жинд Б.Болортуяа хүрэл медаль хүртэж, Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул, С.Батцэцэг, М.Лхагвагэрэл нар хүрэл медалийн төлөө шалгаран өрсөлдөж, бусад бөхчүүд шагналт байр эзэлснээр сүүлийн 40 жилд гараагүй амжилтад хүрсэн билээ. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар Б.Баттулгын удирдлага дор хамтдаа таван жил ажиллаж, дээрх амжилтыг гаргахад мөн хувь нэмрээ оруулсан.
Гавьяа шагнал
2017-2021 оны хооронд чөлөөт бөхийн ҮШБ-ийг удирдсан түүний нэр дээр олимп дэлхийн 18 медаль өдгөө нэгэнт хамааралтай болжээ. Түүнчлэн Б.Баттулгын удирдлага дор Монголын эмэгтэй баг Осло-2021 ДАШТ-д гуравдугаар байр эзэлж, 2017, 2018 оны Дэлхийн цомд мөн гуравдугаар байрт шалгарсан юм. 2021 оны Азийн АШТ-д Монголын эмэгтэй баг 173 оноогоор түрүүлж түүхэндээ анх удаа Алтан цомыг эх орондоо авчрав. Эдгээр үзүүлэлтээр хамгийн өндөр амжилт гаргасан ахлах дасгалжуулагчдын эгнээнд зүй ёсоор багтах төдийгүй чөлөөт бөхөөр олимпийн медаль авахуулсан тавхан ахлах дасгалжуулагчийн нэг, дэлхийн аварга төрүүлсэн мөн тавхан ахлах дасгалжуулагчийн нэг болж байна. Шигшээ багт үзүүлсэн амжилтаас гадна Б.Баттулгын үндсэн, гарын шавь нарынх нь амжилтууд ч хангалттай бий. Юутай ч эрэгтэй чөлөөт бөхөөр түүн шиг шавь нараараа Дэлхийн 5 медаль авахуулсан дасгалжуулагч сүүлийн 30 жилд Монголд байхгүй билээ.
Сэтгэгдэл ( 3 )
Пээ аймаар амьтан байна, ийм хүнийг шагнахаас яахав дээ
Mundag bagsh bn nudee olson shagnal bn amzilt husev
Mundag bagsh bn nudee olson shagnal bn amzilt husev