МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын орчин цагийн эрүүл мэндийн салбарын тулганы галыг анхлан бадраасан Цэргийн төв эмнэлэг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээг тус эмнэлгийн үе үеийн удирдлага, ахмадууд, эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнууд Та бүхэндээ өргөн дэвшүүлье!
Цэргийн төв эмнэлэг нь өдгөөгөөс зуун жилийн тэртээ Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар “Өвчтэй хүмүүсийг эмчлэх хороо” нэртэйгээр анх байгуулагдаж, цэргийн бие бүрэлдэхүүн, ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалахын зэрэгцээ бага эмч, сувилагч, эмийн санч, ариун цэврийн зааварлагч зэрэг эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж Монгол Улсын үндэсний эрүүлийг хамгаалах тогтолцооны үндсийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Тус эмнэлгийн эмч, сувилагчид 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн болон 1948-1951 оны Баруун хилийн тулгаралтад оролцож, фронтын галын шугамаас өвчтөн, шархтнуудыг татан гаргах, хээрийн эмнэлгүүдийг дэлгэн байгуулах, шаталсан эмчилгээ явуулах зэргээр олон цэрэг эрсийн амь насыг авран хамгаалсан баатарлаг гавьяат үйлсийг бүтээсэн билээ.
Дайны дараах болон энх цагийн бүтээн байгуулалтын жилүүдэд ч цэргийн эмнэлгийн үүрэг, хариуцлага өсөн нэмэгдэж, эх орноо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй дайчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж, Монгол Улсын эрүүлийг хамгаалах салбарыг хөгжүүлэх, орчин цагийн анагаах ухааны ололт, амжилтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, эмч сувилагчдыг сургаж бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Цагаан нөмрөгт баатрууд маань Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдсан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд ll шатны эмнэлгийг дэлгэн олон үндэстний цэнхэр дуулгатнууд болон орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх амаргүй даалгаврыг цагийн байдлын хүнд нөхцөл, эрсдэлтэй орчинд амжилттай гүйцэтгэж Монгол Улсын төр засаг, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн одоо ч даян дэлхийн энхийн төлөөх үйл хэрэг нь амжилттай үргэлжилсээр байна.
Өнөөдөр Цэргийн төв эмнэлэг нь бүтэц, зохион байгуулалтын хувьд өргөжин бэхжиж, шилдэг эмч, мэргэжилтэн, мэргэшсэн алба хаагчдаар эгнээгээ тэлж, эмнэлгийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн эмчилгээ, оношилгооны олон улсын стандарт, орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ нэвтрүүлсэн Монгол Улсын үндэсний хэмжээний тэргүүлэх зэрэглэлийн эмнэлгийн нэг болжээ.
Тус эмнэлгийн бие бүрэлдэхүүн дэлхий дахиныг хамарсан “Ковид-19” цар тахлын эсрэг эрдэм мэдлэг, дадлага туршлага, оюун бодол бүхий л нөөц бололцоо, хүч чадлаа зориулан ажиллаж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ үлгэр жишээчээр биелүүлж байгааг баярын энэ өдөр бахархан тэмдэглэж байна. Эрүүл энхийн ээлжгүй манаанд бат зогсож, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цэргийн алба хаагчдынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй ажиллаж ирсэн Байлдааны гавьяаны улаан тугийн болон Алтан гадас одонт Цэргийн төв эмнэлгийн хамт олон хос тангарагт Та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэж, амжилт бүтээлийн дээдийг бэлгэдэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР
Сэтгэгдэл ( 0 )