Монголбанкны сайтыг хакердсан гэх асуудлыг ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГААГҮЙ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Монголбанкны албан ёсны мэдээллийн сайтыг хакердсан гэх мэдээлэл гарсан.

Энэ тухайд Монголбанкнаас халдлагад өртсөн зүйл байхгүй, сайтын тохиргоо хийгдэж байсан гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Нөгөө талаас Иракийн Курдистан автономит улсаас гаралтай "1877 Team" хакерын багаас өөрсдийн сошиал хуудсаараа дамжуулан Монгол Улсын Төв банкны системд нэвтэрч, мэдээллийг олж авсан тухай бичлэг оруулаад, манай улсын иргэдийн мэдээллийг 700 ам.доллараар худалдаж байгаа тухай дурдсан байдаг.

Харин энэхүү хэргийг манай улсын хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа эсэхийг цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хэрэг үүсгэн шалгах эрхзүйн нөхцөл боломж бүрдээгүй, өргөдөл гомдол ирээгүй учраас тухайлан шалгасан зүйл байхгүй” гэдэг мэдээлэл өгч байна.

Мөн тагнуулын байгууллагын эх сурвалжаас тодруулахад, мөн л хэрэг үүсгэж шалгасан зйүл байхгүй гэх бөгөөд Монгол Улсын тагнуулын байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийнхээ дагуу зарим асуудлыг тодруулах ажиллагаа явуулж байгаа гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top