ОХУ-ын зарим иргэнд олгосон шагналыг гардууллаа

2021 оны 11 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар «Алтан гадас» одонгоор шагнагдсан ОХУ-ын Газрын тос, байгалийн хийн улсын их сургуулийн ректор В.Г.Мартынов, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн ректор А.В.Торкунов, «Найрамдал» медалиар шагнагдсан “Одияна орчин” ХХК-ний үүсгэн байгуулагч Р.В.Тория нарт Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шагналыг нь гардуулав.

Шагнал гардуулах ёслолын өмнө Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Газрын тос, байгалийн хийн улсын их сургуулийн ректор В.Г.Мартыновтой хийсэн уулзалтын үеэр Газрын тос, байгалийн хийн улсын их сургуулийн Монгол Улсын боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа онцлов. В.Г.Мартынов цаашид Монголын байгалийн хийн салбарын мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэхэд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Д.Даваа Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн ректор А.В.Торкуновтой хийсэн уулзалтын үеэр тус сургуульд анхны гадаад оюутнаар монгол оюутнууд элссэний 75 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд, өнгөрсөн хугацаанд тус сургууль Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан олон төр, нийгмийн зүтгэлтнүүдийг бэлтгэсэнд талархал илэрхийлэв. А.В.Торкунов Монгол Улсын нэр хүндтэй шагналаар шагнагдсандаа баяртай буйгаа илэрхийлэн, цаашдын хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top