БНХАУ-ын баялаг 20 жилийн хугацаанд 17 дахин өсжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

“McKinsey & Co” зөвлөх үйлчилгээ үзүүлдэг фирм БНХАУ АНУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн их хөрөнгө хуримтлуулсан орон болсон тухай мэдээлжээ

Ингэснээр АНУ  хамгийн баян орон гэсэн байр сууриа БНХАУ-д тавьж өгөхөөр болж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятадын баялаг огцом өссөн бөгөөд  2000 онд долоон их наяд ам.доллар байсан бол 2020 онд 120 их наяд ам.доллар болж 17 дахин нэмэгджээ. Энэ хугацаанд дэлхийн нийт хөрөнгийн өсөлтийн гуравны нэг орчмыг тус улс бүрдүүлсэн байна. 2000 онд БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элссэн нь эдийн засгийн өсөлтийг хурдасгасан гэдгийг  “McKinsey & Co” онцолжээ. Энэ хугацаанд АНУ баялгаа  мөн хоёр дахин нэмэгдүүлсэн байна. 2020 онд тус улсын  хөрөнгө ердөө 90 их наяд ам.доллар байжээ.

Дэлхийн нийт хөрөнгө 2000 онд 156 их наяд ам.доллар байсан бол 2020 онд 514 их наяд ам.долларт хүрсэн байна. Энэхүү баялгийн 68 орчим хувь нь үл хөдлөх хөрөнгийн салбарт төвлөрч байгаа аж. Дэлхийн хөрөнгө ийнхүү өсөхөд  үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл нөлөөлсөн гэдгийг “McKinsey & Co” онцолжээ. 

Гэхдээ  орон сууцны үнэ өсөх нь АНУ-ын орон сууцны хөөс хагарснаас үүдэлтэй буюу 2008 оныхтой адил санхүүгийн хямралд хүргэж болзошгүйг тус фирмээс анхааруулсан байна. Хөрөнгийн үнийн уналт нь дэлхийн баялгийн гуравны нэгийг үгүй болгож болзошгүй гэнэ.  2008 оны санхүүгийн хямрал “Lehman Brothers” банкны дампуурлаас үүдэлтэй. Тус банк  100 гаруй охин компанитай, 640 тэрбум ам.долларын активтай байв. “Lehman Brothers” 2008 оны есдүгээр сарын 11-нд XI зэргийн дампуурлаа зарлаж, улсаас туслалцаа хүссэн. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн их буюу 620 тэрбум ам.долларын өрөнд орсон явдал байв. “Lehman Brothers” хөрөнгө оруулалт хийхийн тулд их хэмжээний мөнгө зээлсэн нь дампууралд хүргэсэн гэж мэргэжилтнүүд үздэг. Тэд амины орон сууцад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.

Улмаар уг салбар уруудахад, санхүүгийн эмзэг байдалд оржээ. 2007 оны наймдугаар сард “Lehman” хоёрдугаар зэрэглэлийн зээл олгогч “BNC” моргейжийг хааж, 1200 ажлын байр үгүй болж, компанийн үнэ цэн нь 27 сая ам.доллароор буурчээ. Тухайн үед фирмийн зүгээс “Моргейжийн зах зээлийн нөхцөл таагүй байгаа нь эх үүсвэрээ багасгах зайлшгүй шаардлага гарч ирсэн” хэмээж байв. Хоёрдугаар зэргийн ипотекийн хямрал үргэлжилсээр байсан тул “Lehman” урьд өмнө байгаагүй их хямрал амсжээ. 2008 оны хоёрдугаар хагаст 2.8 тэрбум ам.долларын алданги хүлээж, нэмэлт хөрөнгөө зургаан тэрбумаар өсгөхөөр шийджээ. Зээлийн зах зээл хумигдсанаар мөн оны эхний хагаст гэхэд л хувьцааных нь үнэ 73 хувиар буурсан аж.

Ингээд наймдугаар сард ажиллах хүчээ зургаан хувиар буюу 1500 хүн цомхтгохоо мэдэгдсэн. “Barclays” есдүгээр сарын 22-нд “Lehman Brothers”-ийг 1.3 тэрбум ам.доллароор худалдан авчээ.  “Lehman”-ы хямрал худалдааны үл хөдлөхийг үнэгүйдүүлж, тухайн жил АНУ-д нийт 2.5 сая хүн ажилгүй болсон гэсэн статистикийн мэдээ бий. “Lehman”фирмийн дампуурал Япон, БНХАУ, Тайвань, Хонконг, БНСУ тэргүүтэй Азийн орнуудад шууд нөлөөлсөн. Эдгээр орны томоохон бенчмаркуудын индекс дөрвөөс илvv хувиар ухарсан юм. БНСУ-ын хамгийн том банк “Kookmin Bank”-ийн хувьцааны ханш 7.5 хувиар унаж 55600 вон болсон. Тус улсын Санхүүгийн үйлчилгээний хорооноос мэдээлснээр компаниуд хар ням гарагийн өмнөхөн “Lehman brothers”-т 720 сая ам.долларын хөрөнгө оруулсан байжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top