Монгол бичгийн шүлгийн уралдаан болно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний төв номын сан, “Монгол бичгийн холбоо” төрийн бус байгууллага хамтран шүлгийн уралдааныг ирэх сарын 7-нд зохион байгуулахаар болжээ. Уралдааны зорилго нь “Монгол туургатны өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Монгол үндэсний бахархал болсон эх бичгээ олон нийтэд сурталчилж, хойч үедээ танин мэдүүлэх аж. Уралдаанд оролцохыг хүсэгчид гурван үндсэн шаардлагыг хангах учиртай. Юуны өмнө зохиосон шүлгээ гараар болон компьютерээр гаргацтай бичих шаардлагатай. Оролцогсдын шүлэг нэр, утга агуулгатайгаа нягт уялдсан байхын дээр ирүүлэх бүтээлдээ овог нэр, холбоо барих утас зэргээ тодорхой бичсэн байх учиртай гэнэ. Эх бичгээрээ яруу найраг туурвих иргэд бүтээлээ 2011 оны долдугаар сарын 5-ны дотор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх юм байна. Дашрамд дурдахад, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу ирэх сарын 9-нд Сүхбаатарын талбайд “Монгол туургатны өдрүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top