"Мөсөн өргөө"-ний өвлийн тэмцээн ХОККЕЙН ЛИГЭЭР ЭХЭЛНЭ

2021 оны 11 сарын 19

Монгол Улсын өвлийн спортын анхны битүү дээвэртэй ордон "Мөсөн Өргөө - Steppe Arena"-гийн спортын үйл ажиллагаа ирэх ням гарагт хоккейн улирлын лигийн тэмцээнээр эхэлнэ.

Хоккейн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээнд дөрвөн багийн хоёр тоглолттой. Тодруулбал 2021 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 15-18 цагийн хооронд "Хангарьд", "Багануур" багийн тоглолт болно. Үргэлжлэн 18-21 цагийн хооронд "Отгон-Од блас", "Шарын гол" баг тоглоно.

Тоглолтын талаар "Мөсөн Өргөө - Steppe Arena"-гийн хэвлэл мэдээллийн ажилтан О.Зулбэл "Манай улсад өмнө нь хоккейн тэмцээнүүд задгай талбайд буюу гадаа котокуудад явагддаг байсан. Энэ жил "Мөсөн өргөө"-нд зохион байгуулагдаж байгаа тэмцээн нь анх удаа дэлхийн жишигт нийцсэн мөсөн талбайд, битүү дээвэртэй ордонд болж байгаагаараа онцлог. Тиймдээ ч манай хоккейн үнэнч фанат, хөгжөөн дэмжигчид олон улсын жишигт нийцсэн заалнаас тэмцээнээ үзэж, гал гарсан, тэсрэлттэй сэтгэл хөдлөлтэй байх болов уу гэж бодож байна" гэлээ.

"Мөсөн өргөө” ордон нь 7.8 мянган ам.метр талбайтай, 2600-3600 хүний багтаамжтай, шүүгч болон тамирчдын байрлах таван өрөөтэй юм. Мөн хурал болон сургалт зохион байгуулах 80-100 хүний уулзалтын танхим, тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайг стандартын дагуу багтаасан байна.

Түүнчлэн өвлийн спортын тамирчид бүтэн жилийн турш бэлтгэл хийж, тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцох боломж бүрджээ.

Энэ талаар тус ордны нээлтийн үеэр хоккейн ахмад тамирчин Б.Болд “Миний мөрөөдөл 45 жилийн дараа биелж байна. Би мөсөн спорттой 1970 оноос хойш холбогдсон. Харин хоккейн спортоор долоон жилийн турш тууштай хичээллэсэн. Манай улсад хоккейн бэлтгэл сургуулилт хийх их хэцүү байсан. Өөрсдөө л бор зүрхээрээ бэлтгэлээ хийдэг. Задгай мөсөн талбайг л их ашиглана. Мөсөн ордон ашиглалтад орсноор өвлийн спортын тамирчдаа бэлтгэхэд таатай нөхцөл бүрдлээ. Яагаад таатай хэмээн онцлоод байна вэ гэвэл бүтэн жилийн турш бэлтгэл хийх боломжтой болоод байна шүү дээ. Цаашдаа олимпын аварга төрөх өдөр ойрхон байгаа хэмээн найдаж байна” гэж байсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top