CINEMA ROOM: Хиртэж болох л байсан "Хиртээгүй сарнай"

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

Эмэгтэй хүний сэтгэлд энэ ертөнцийн түмэн нууц оршиж байдаг юм шиг ээ. Тэд бардам сэхүүн, хүчирхэг, хөдөлмөрч байх тусмаа тэдний туулсан замнал, амссан бэрхшээл төдий чинээ их байдаг гэхэд хилсдэхгүй. Ийм амьдралын амьд жишээ манай нийгэмд үндэс нь бат бэх оршиж улам дээшээ урган, салаа мөчрөө тэлсээр буй. Ганц бие ээж гэдэг ганц эмэгтэй хүний сонголт биш, ирээдүйд үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хийж байгаа шийдэл гэж боддог. Тэд гашуун үнэнийг амссан болохоор гагцхүү үнэнээр явж өөрийнхөө чадал чансаагаар хүссэн амжилт, хүрэх цэгтээ очиж чаддаг билээ.

Мөн өнөөгийн нийгэмд буруу аргаар мөнгө олж амьдрах гэсэн залуусын явуургүй санаа чимээгүйхэн газар авч, арга хэлбэр нь улам нарийсч байгаа юм биш биз.  Зоосны нүхээр эгэл борогхон биднийг биш эгэлгүй баян нөхдийг онилж овоо хараандаа тусган битүүхэн хөлждөг бүлэг этгээд сэмхэн оршсоор иржээ. Энэ бүлэг этгээдийн хохирогчоор улс төр төдийгүй бизнесмен хүмүүс өртөж урхи занганд дөрлөгдөж, тэдний хүссэн мөнгөөр амыг нь тагладаг ажээ.

Үүнтэй адилхан үзэгдэл манай нийгэмд ил тод соёолж сүүлийн үед шантаажчин гэдэг нэр моданд орж байгаа шүү дээ. Дээрх хоёр сэдвийг яагаад хөндсөн гэхээр тэрхүү үнэн, худлын огтолцол дээр  хүний амьдрал өрнөж хайр дурлал, хагацал учрал ээлжилж байдаг жамтай. Энэ жамын тухай кино бүтээлд хэрхэн өгүүлэх бол.

ҮНЭН, ХУДЛЫН ЗААГ ДЭЭР ХАЙР ДУРЛАЛ ХЭРХЭН ӨРНӨХ ВЭ

Саяхан нээлтээ хийгээд буй "Хас урлан" энтертайнментийн ээлжит уран бүтээл болох “Хиртээгүй сарнай” кино энэ асуултанд хариулжээ. Нийгэмд манлайлж буй ганц бие ээж болоод түүний амьдралд дөнгөж хөл тавьж буй 20 хэдтэй охины хайр сэтгэлээр киноны үйл явдал өрнөнө. Аливаа зохиолд эсрэг дүр байж байж зөрчил тэмцэл өрнөж сонирхолтой, ээдрээтэй болдог шүү дээ. Найруулагч Ц.Хүсэлбаатар энэ тухай ч мартаагүй байв. Тэрбээр өмнө нь “Нинжин сэтгэл”, “Аюултай харилцаа” зэрэг олны дунд багагүй шуугианы сэдэв болсон дуулиантай кинонуудыг найруулсан билээ. Түүний кинонууд адал явдалтай, триллер жанрын, хайр сэтгэлийн, уянгын романтик гээд холимог төрлөөр хийгдсэн байдаг бөгөөд хэлэх гээд санаа нь нууцлаг, үйл явдал нь төсөөлөхийн аргагүй эргэлттэй байдгаараа бусад киноноос ялгардаг.

“Хиртээгүй сарнай” кино нь анх удаа гэр бүлээрээ тоглосон гэдгээрээ онцлогтой. Гавьяат жүжигчин С.Өлзийхүү болон түүний охин Х.Баярмаа, хүү Х.Сумьяадорж нар энэ киноны гол болон туслах дүрүүдийг бүтээжээ. Амьдрал дээр тэднийг нэгэн гэр бүл гэдгийг мэдэх ч киноны үйл явдал дунд харь ондоо, хаа хамаагүй хүмүүс болж харагдаж байгаа нь дүрээ сайн гаргасных буй за. Киног хүч оруулж, өнгө нэмсэн жүжигчид бол Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, Г.Золбоот, Соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Амгаланбаатар, Ч.Болд, Э.Пүрэвжаргал, Б.Болдбаатар, Б.Баяржавхлан нар байлаа.

Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, Г.Золбоот нар кинонд өндөр үүрэгтэй оролцож чимхлүүр санаа, жүжиглэх арга барил, харцны нэг хэлэмж, үгийн ганц ураараа киног дүүрэн, бүтэн болгож байв. Найруулагчийн шийдлээр кино нь уянгын романтик, адал явдалт төрлөөр хийгджээ. Мөн зураг авалтаа Улаанбаатар хотод авсан бөгөөд киноны зохиол дээр О.Гүен, найруулагчаар Л.Нацагням зэрэг 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран ажиллажээ. Хамгийн сонирхолтой нь киноны дүрүүдийн гадаад төрхийг эрс шинэчлэн өөрчилсөн загвар зохион бүтээгч Кадр хэмээх авьяаслаг, мэдрэмжтэй залууг дурдахгүй өнгөрч боломгүй.

Бүх дүрүүдийн хувцасны хуваарилалт өнгөний код нь өөр, өөр агаад энэ нь дүрийнхээ зан байдлыг чамбай тодотгож өгчээ. Ер нь хувцасны имижийг тодорхойлно гэдэг нь зохиол доторх зохиол гэж хэлж болох юм. Дүр бүрийн өвөрмөц шинж чанараар нь загвараа бүтээж, урьд өмнө харж байгаагүй цоо шинэ дүрийг амилуулна гэдэг амаргүй. Энэ амаргүй албанд хамтран зүтгэж киног бусдаас ялгаруулж чадсан Кадрт талархъя. Киноны зураг авалтыг цар тахлын амаргүй үед бүтэн жилийн хугацаанд хийж, киноны багаараа бүгд ковидын халдвар авч өвдөн, багагүй эрсдэлийг туулсан тухайгаа уран бүтээлчид хэлж байлаа.

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ СЭТГЭЛ ЭНЭ ЕРТӨНЦИЙН ТҮМЭН НУУЦЫГ ХАДГАЛЖ БАЙДАГ

“Хиртээгүй сарнай” киноны гол дүрд жүжигчин Х.Баярмаа нь Гэрэлээ хэмээх гэнэн залуу, эрх танхи охины дүрийг бүтээдэг бол жүжигчин О.Амгаланбаатар нь Галаа хэмээх залуугийн дүрд тоглодог. Галаа нь 20 нас нэлээн гарч яваа бөгөөд амьдралдаа ганц бие ганхаж гунхаж яваа залуу билээ. Хоёр найзынхаа ятгалгаар болчимгүй хэрэгт хутгалдаж дараа нь түүнийхээ гэм ялыг үүрдэг юм. Гэм ялыг үүрүүлэх шалтгаан нь түүний хайр дурлал болдог нь гачлантай. Гэрэлээ гадаадаас ирж сүй тавьсан багынхаа найзтайгаа хуримлахаар болдог ч ирээдүйн нөхөр болох хүндээ хайр сэтгэлгүй ажээ.

Ээжийнхээ үгнээс зөрдөггүй, ээжийгээ бурхан мэт шүтдэг айлын ганц охин болохоор хуримлах өдрөө хурдан битгий болоосой хэмээн дотроо битүүхэн залбирна. Түүний ээжид жүжигчин С.Өлзийхүү тоглож, Алтантуяа хэмээх аатай, жаатай эмэгтэйн дүрийг бүтээнэ. Алтантуяа газар дээрх ганц охиноо сүйлсэн хүнтэй нь гэрлүүлэх гэж  буй ч дотроо дурамжхан байгаа нь илт. Гэвч нандин ганц үрээ яагаад Дэнзэнтэй суулгахаар шийдсэн бэ гэдэг нь киноны дунд улам тодорч, киноны төгсгөлд бүр батаждаг. Энэ нь түүний өнгөрсөн амьдралтай холбоотой.

Энэ удаа жүжигчин С.Өлзийхүүг буржгар хар үстэй намба тогтсон налайсан эмэгтэй биш тайрмал шар үстэй тачаангуй, зоримог, хүчирхэг Алтантуяа хэмээх бүсгүйгээр харах болно. Түүний гартаа өмсдөг торон хар бээлийд маш том нууц нуугдаж буй. Тэр бээлийг автал кино чухам яагаад гэдэг асуулттай хэвээр л байх болно.

Түүний үг хууль, үйлдэл зөв гэдгийг төрсөн дүү Алтантулга нь андахгүй. Алтантулгад жүжигчин Ч.Болд мөн л чадварлаг тогложээ. Эгчийнхээ ажлыг нугалж, амийг хамгаалж явдаг ганц дүү нь бөгөөд бурууд өршөөлгүй, зөвд энэрэлтэй монгол эр хүний жудагтай хүн. Анхны хайрынхаа эзнийг эхнэрээ болгохоор догдлон буй Дэнзэнгийн дүрийг Б.Болдбаатар бүтээжээ. Дэнзэн мөн л айлын ганц хүү бөгөөд туниа муутай, эрх танхи нэгэн. Кино бүрд нууц амрагийн дүрийг чадварлагаар бүтээдэг жүжигчин Э.Пүрэвжаргалыг энэ удаа сахилгагүй, загварлаг Жимсээ хэмээх үсчин охины дүрээр харж болох нь ээ. Жимсээ, Гэрэлээ хоёр үй зайгүй найзууд. Тэд үс зүсээ янзалчихаад хотын гудамжаар машинтай хурдлан давхисан тэр үдшээс бүх юм эхэлдэг.

Киноны ээдрээг зангидахаар нөгөө талд Галаа  хамт байр түрээсэлдэг хоёр найзтайгаа баранд сууж буй. Ууж наргисан улс зодоон нүдээн дөгөөж барнаас зугтан гүйж байгаад Галаа нь мөнөөх хоёр охины машинд мөргүүлчихэв. Бүх зүйл эндээс нь эхэлж, Галаа, Гэрэлээ хоёрын хайр дурлалын гал асан гэрэлтдэг юм. Угийн ашигч хонжооч, шантаажчин найзууд нь Галаагийн өмнөөс гомдол мэдүүлж дориухон мөнгө салгаж авдаг ч тэдний хайр сэтгэлд энэ нь төдийлөн сөргөөр нөлөөлсөнгүй.

Галаагийн хоёр найзын нэг Цоогийгийн дүрийг С.Өлзийхүүгийн бага хүү Х.Сумьяадорж чадварлаг бүтээжээ. Булчинлаг бие хаа, царайлаг дүр төрх, буржгар урт үс нь түүнд зохисон гэж жигтэйхэн. Кино урлагт шинэ өнгө төрх сэвэлзэж, шинэ уран бүтээлчдээр хүч сэлбэж байгаад олзуурхан угтав.

Цоогий найзтайгаа нийлж баячуудад дэгээ хаяж, өгөөш үмхүүлчихээд болж бүтэхгүй бичлэгийг нь нууцаар хийж тэднийг дарамталж мөнгө салгадаг ажилдаа гаршсан нэгэн. Зодооны урлагийг төгс эзэмшиж, үл бүтэх бяцхан бүлэглэлийг толгойлж буй түүний амьдрах арга хэзээ нэгэн цагт өөрийг нь ч, найзыг нь ч эвгүй байдалд оруулна гэдгийг тэр төсөөлөө ч үгүй яваа. Киноны үйл явдлыг энэ хүргээд өндөрлөсү. Цааш хэрхэн өрнөхийг өөрийн биеэр очоод үзвэл сонирхолтой болов уу. “Хиртээгүй сарнай” киноны өнгө үзэмж, дууны найруулга сүүлийн үеийн техник технологиор чанарын өндөр түвшинд бүтжээ. Илүү дутуу чарласан орилсон хашхираан, эрээ цээргүй нүцгэлэлт, зүрх салгалам алаан хядаанаас аль болох зайлсхийсэн нь магтууштай. Харин ч зоримог шийдэл, хурц араншин, хүч чадал, зөөлөн сэтгэлээр үйл явдлын донж маяг, давс хужрыг нь чухам сайхан тааруулж, мэргэжлийн хэмжээнд зохируулан найруулжээ.

ХҮНД ХИЙХ ЁСГҮЙ ҮЙЛ, ХЭЛЭХ ЁСГҮЙ ҮГ ГЭЖ БИЙ

“Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэж монгол ардын зүйр цэцэн үг бий. Энэхүү киногоороо залуусын нэг л буруу алхам цаашид ямар ч эвгүй байдалд хүргэж болохыг сэрэмж дохио, сануулга сургамж болгон харуулахыг зорьсон нь илт. Хэдэн залуус сэргэлэн зангаа ашиглаад амар хялбар аргаар мөнгө олж болдог юм байна гэж бодсон ч эргээд энэ нь амьдралд нь хар толбо болон үлддэг.  Энэ бүхний шалтгаан болсон дурлалт хосууд хориг саадыг гэтлэн, хоёр бие рүүгээ тэмүүлсээр байдаг. Яахын аргагүй хайр гэж бий. Яаж ч болдоггүй тавилан гэж бий. Энэ л тавилангаараа “хиртээгүй сарнай” болж үлдэх үү, хиртсэн сэтгэл болж үлдэх үү гэдэг эмэгтэй хүний зөн мэдрэмж, эр хүний зөв шийдвэр байдаг билээ.

Энэ киног үзсэн хүн бүхэн дүр бүхний оронд өөрийгөө тавьж “Хэрэв би оронд нь байсан бол яах байсан бэ” гэдэг асуултыг өөртөө эрж, дотоод сэтгэлээсээ өөртөө хүнлэг сэтгэл бий сэн билүү гэдгээ эрж хаймаар, эргэцүүлж тунгаамаар болох. Танд ч бас энэ асуултыг тавья.

Төгсгөлд нь туниа муутай, эрх танхи, хайр сэтгэлийнхээ төлөө урвашгүй зүрхтэй Дэнзэнгээс гарамгүй шийдвэр киноны үйл явдлыг бүхэлд нь өөрчилж орхидог. Бид дандаа л хайр дурлал ийм, тийм гэж номчирхдог хэр нь яагаад болох, болохгүйн тухай төдийлөн анзаардаггүй.

Монголчууд эртнээсээ үг хэлээ цэнэж, үйлдэл явдлаа хямгадаж ирсэн сэжигч, ажигч, бэлгэдэл, ёр, зөнтэй ард түмэн. Тиймдээ ч түмэндээ бүтэн нэртэй явдаг биз ээ. Энэ л ёс уламжлал гажаад, залуус маань хэтэрхий задгай, хэт харгис хэрцгий болоод байна уу даа гэсэн эмзэглэл төрснийг нуух юун. Гишгэсэн газраар үр нь алхдаг замбуулинд үйлийн үр үсний ширхэгээс ч нарийн тооцогддог гэдгийг ухамсарлаж явахуйн ухааныг найруулагч шидээвэр санаагаа болгожээ. Эцэст нь хэлэхэд эмэгтэй хүний сэтгэлд энэ ертөнцийн түмэн нууц оршиж байдгийг дахин сануулах нь зүйтэй болов уу. Учир нь энэ нууцыг Алтантуяа өөртөө хадгалж үлдсэнээр сарнай маань хиртээгүй юм шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top