Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах ажиллагаа ид дуулиан дунд өрнөж байна. Дуулиан дагуулж байгаагийн цаана асар өндөр ашиг сонирхол байгаа нь илтэд цухалзана. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд шүүгч бус хүнийг сонгох ёстой ч нэр дэвшигчид маань бүгдээрээ л ямар нэгэн байдлаар шүүхтэй холбогдсон хүмүүс байгаа юм.
Үүгээр ч зогсохгүй нэр дэвшигч Р.Онончимэг нь Монголын наториачдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр шалгагдаж, энэ хэрэг нэг талдаа ч гараагүй байх жишээтэй. Мөн нэр дэвшигч Н.Баасанжав гэхэд “Хаан” банкны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, хувьдаа хуулийн фирм ажиллуулдаг ашиг сонирхлын зөрчилтэй гээд олон зүйл бий.
Энэ мэтчилэн нэр дэвшигчид маань ашиг сонирхлын зөрчилтэй байгаа учраас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон зарим улстөрчид байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Арга ч үгүй, Х.Нямбаатарын хувьд 2016 онд парламентын гишүүн болсон цагаас хойш шүүхийн шинэчлэлийн төлөө явсан төдийгүй шүүгчдийн авлигын талаар баримт дэлгэн зоригтой дуугарч эхэлсэн хүн. Өөрөөр хэлбэл шүүгчдийн өстөн болсон. Мөн Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа хуулийн шинэчлэлийн төлөө ажлын хэсэг ахалж ажилласан. Энэхүү урт хугацааны тэмцлийн үр дүнд өнөөдөр Үндсэн хууль, “Шүүхийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, үүгээрээ шүүхийг улстөрчдөөс хол байлгах, авлига хээл хахуулиас ангид байлгах чухал алхам боллоо гэдгийг салбарынхан ярьж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгч бус нэр дэвшигч тодруулах ажиллагаа өрнөж байгаа цаг дор салбарынхаа сайд руу тал талаас дайрч байгаа нь нэгийг хэлж хоёрыг бодогдуулж байгаа байх. Түүнээс бус УИХ-ын чуулганы сонсгол дээр Д.Ганбат, Ж.Сүхбаатар гэх мэт олон гишүүд нэр дэвшигчдийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, шүүмжилсэн ч ганцхан Х.Нямбаатар сайд дээр гал ирээд байгаагийн цаана энэ мэт олон шалтгаан бий. Олонхийн хардаж байгаагаар бол Шүүхийн ерөнхий зөвлөлд нэр дэвшигчдийн ар талд улстөрчид, тэдний ашиг сонирхол байна. Тийм учраас өөрсдийнхөө хүнийг сонгуулахаар салбарынхаа сайд руу дайрч байгаа гэх.
Тодотговол, захиалгат гэмээр мэдээ мэдээлэл хэвлэл мэдээлэл болон цахим орчинд цацагдаж байгаа нь үүнийг нотлох биз ээ. Бас нэг хардах шалтгаан нь “Хаан” банкны хувьчлалын асуудал улстөрчдийн дунд гал асаагаад байгаа. Гэтэл “Хаан” банкны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, хуулийн фирмтэй хүн “Би нэрээ татахгүй” хэмээн давшилж байгаагийн цаана, улстөрчидтэй хамаатай байж болох ноцтой асуудалд шалгагдаж байгаа Р.Онончимэг “Би нэрээ татахгүй” хэмээн дайрч байгаагийн шалтгаан гээд дурдаад байвал тэр чигээрээ ашиг сонирхлын зөрчил харагдана.
Эртнээсээ л Шүүхийн ерөнхий зөвлөл гэх байгууллагад шүүгчид, шүүхтэй холбоотой хүмүүс шургалж, шүүгчдэд хараа хяналт тавьж байгаа нэрээр улстөрчидтэйгөө сүлбэлдэж явж ирснийг нуух аргагүй. Үүнийг шинэчилсэн хүмүүс сүүлийн хэдэн өдөр яах аргагүй гал үүрч байна. Тэгэхээр энд хуулиас товчхон дурдах хэрэг бий. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хоёр парламент дамжиж батлагдаад өнгөрөгч гуравдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Шинэ хуулиар олон зүйлийн боловсронгуй, илүү зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоог тодорхой болгосон хэмээн хууль тогтоогчид тайлбарласаар байна.
Тэгвэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй, түүний тав нь шүүгч байна. “Шүүгч гишүүн шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх” гэсэн бол шүүгч бус таван гишүүнд “Хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх” гэх мэт шалгуур тавьсан аж.
Гэтэл шүүгч бус таван гишүүн энэхүү шалгуурыг давж чадахгүй байгаа учраас шүүхийн шинэчлэл “гал” авч байгаа хэрэг юм. Энэхүү галыг үүрүүлэх хүн ч хэрэгтэй болж таарна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Ийм л гал барьж чадах хуүмүүс хэрэгтэй байна энэ улсад
Хувийн сургууль төгссөн амьтан бүх монголын хуульчдын толгойт залрах нь ялзрал шүү НЯНГАР аа
Эрхбиш бүгд х худавдагүй байх гэж найдахаас даа