Эртний түүхт Орхон голын хөндийд өвлийн аялал жуулчлалын нэгэн сонирхолтой арга хэмжээг экстрим спорт сонирхогчид 2012 оноос эхлэн зохион байгуулж ирсэн юм.
Газар газрын мөсөнд авирагчид багаж зэвсгээ үүрэн, Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээг зорин очиж, хоёр өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлддөг.
Энэ арга хэмжээг аялал жуулчлалын "Монголиа экспедишнс энд турс" ХХК, Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр нарын санаачлагаар 2012 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд бид "Ice Challenge Mongolia" гэдэг нэрээр нь мэднэ.
2019 оноос "Karakorum Ice Festival" гэж нэрлэгдэх болсон тус арга хэмжээ нь 2021 оны арванхоёрдугаар сарын 4-5-нд Улаан Цутгалангийн хүрхрээнд болно.
Мөсөнд авиралт нь дэлхий нийтээр залуучуудын шинэ үеийн тренд болон хөгжиж байна. Энэ тэмцээн нь Монгол улсад өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бөгөөд аялал жуулчлалын улирлыг уртасгах томоохон арга хэмжээнүүдийн нэг билээ.
Улаан Цутгалангийн хүрхрээний мөсөнд очиж авирдаг гадаад, дотоодын жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.
2012 оноос эхлэн Монголчууд мөсөнд авиралтыг монголдоо хөгжүүлж, тамирчидаа бэлтгэн тив, дэлхийн аваргын тэмцээнүүдэд оруулж эхэлсэн бөгөөд Монголын тамирчид Азийн аваргаас алт, мөнгө, хүрэл медалиудыг эх орондоо авчраад байгаа билээ.
Энэ жилийн "Karakorum Ice Festival 2021"-ийн билэг тэмдэг ЦАСХАН цагаан хэрэм байна.
Яагаад ЦАСХАН цагаан хэрмийг тэмцээний билэг тэмдэгээр сонгосон нь сонин. Хэрэм гэдэг амьтан модноос модонд дүүлж явахдаа ямарч өндрөөс унасан сүүлнийхээ хүчээр гэмтэл авдаггүй тул мөсөнд авирч буй тамирчид, сонирхогчид осол эндэлгүй авирах болтугай хэмээн сонгосон гэнэ.
Орхоны Улаан Цутгалангийн хүрхрээг зорин очих замдаа та Монгол Элс буюу Элсэн Тасархай, Хархорины Эрдэнэзуугийн хийд, Хужирт тосгон, Төвхөн хийд, Үүртийн тохой гээд олон сонирхолтой газруудыг үзэж сонирхох боломжтойгоос гадна монгол гэрт хоноглож, малчин айлд зочилж аж амьдралтай нь танилцаж тэмээ, морь, сарлаг унаж үзэх боломжтой.
Өвлийн аялалд дурлагсдын хүсэн хүлээдэг тус фестивалийг БОАЖЯ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Дэлхийн өв Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо, Монголиа Экспедишнс ХХК хамтран зохион байгуулна.
Сэтгэгдэл ( 0 )