Б.Ууганбаяр: Он гарсаар галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг 24 бүртгэгдсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 27

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах хэлтсээс “Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан тус хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ууганбаяраас тодруулга авлаа.


-Танай албанаас жил бүр “Зэвсэг” арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил тус арга хэмжээ  хэд хоног зохион байгуулагдах вэ?

-Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйлд “Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүр цагдаагийн байгууллага явуулна” гэж заасны дагуу “Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээг  жил болгон зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Өнгөрсөн жил буюу 2020 онд  иргэн, хуулийн этгээдүүд 86.2 хувьтайгаар галт зэвсгээ тооллогод хамруулсан. Энэ нь дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахалтай холбоотой цахимаар явуулсан болохоор тэр.

Иргэд, хуулийн этгээдүүд үүргээ биелүүлж, нэгдсэн арга хэмжээний хугацаандаа амжиж, галт зэвсгээ бүртгүүлэх шаардлагатай байна. “Зэвсэг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулснаар иргэн, хуулийн этгээдүүдийн эзэмшилд байгаа галт зэвсэг бүртгэлд орж, холбогдох хуулийн хэрэгжилт хангагдаж, иргэн хуулийн этгээдийн галт зэвсэг эзэмших, хадгалах, аюулгүй байдал нь хангагдана. Иймээс гарал үүсэл тодорхойгүй байдлаар бэлгэнд ирсэн, өв залгамжлагдсан, нуугдмал, эх сурвалж нь тодорхойгүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл /хуванцар, резинэн сумтай, хийн гэх мэт/-ийг дээрх арга хэмжээний хүрээнд бүртгүүлснээр гэрчилгээ авч, хууль ёсны бүртгэлд хамрагдах боломжтой болж байгаа юм.

-“Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэн, хуулийн этгээд ямар үүрэг, оролцоотой байх ёстой вэ?

-Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшилд байгаа галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг жил бүр цагдаагийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байдаг. Харин энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан Зөрчлийн тухай хуулинд зааснаар торгох шийтгэл хүлээдэг. Иймд иргэн, хуулийн этгээд өөрсдийн өмчлөлд байгаа галт зэвсэг түүнтэй адилтгах хэрэгслийг хуульд заасан хугацаанд бүрэн хамруулан, бүртгүүлэх шаардлагатай байна. Өнөө жилийн “Зэвсэг” нэгдсэн арга хэмжээний онцлог гэвэл иргэн, хуулийн этгээдүүд өөрийн эзэмшлийн галт зэвсгээ бүртгүүлснээр ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авагдахгүй.

-Бүртгэлгүй галт зэвсэг иргэдийн гар дээр байх нь олонтаа. Энэ нь зарим төрлийн гэмт хэргийн үед илэрдэг.  Галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөөч?

- Галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил манай улсад нэлээд бүртгэгддэг. Тухайлбал, энэ оны эхний 10 сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 24 бүртгэгдэж өнгөрсөн оноос долоон хэргээр буюу 22.6 хувиар буурсан. Гэхдээ манай улс шиг цөөн хүн амтай улсад энэ тоо нь бага тоо биш юм. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд галт зэвсэгтэй холбоотой 31 хэрэг бүртгэгдсэн байна.

Үүний шалтгаан нь иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөлд байгаа галт зэвсэгт тавих хараа хяналт сул, гэрээт болон хувийн харуул хамгаалалтын байгууллага ажилтнаа галт зэвсгийн сургалтад хамруулдаггүй, хөдөө орон нутагт ангийн зориулалтаар ашигладаг галт зэвсэгтэй иргэд хадгалалт, хамгаалалтандаа анхаардаггүй зэргээс галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил таслан зогсоогдохгүй байна.

-Хамгийн сүүлд Архангай аймгийн Өндөр-Улаан суманд бага насны хүүхэд буудуулж нас барсан хэрэг бүртгэгдсэн. Энэ жишээ бол галт зэвсэгтэй хайхрамжгүй ханддаг тод илрэл байсан санагддаг?

-Иргэд галт зэвсэгтэй анхаарал болгоомжтой харьцаж байх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сануулсаар ирсэн. Галт зэвсэг эзэмшдэг иргэн, хуулийн этгээдэд хандаж хэлэхэд “Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өөрийн эзэмшлийн галт зэвсгээ бүртгүүлээрэй гэж уриалмаар байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top