Догшин хутагтын нутагт найрагчид чуулав

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн Номын сан, Монголын зохиолчдын эвлэлийн хороотой хамтран “Эх орон-Өв уламжлал” сэдвийн дор уран үгсийн чуулганыг зохион байгуулж, яруу найрагт дуртай түмэн олноо баясгалаа.

Уг арга хэмжээг аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулсан гэдгийг дурдах нь зүйн хэрэг байх. Энэ удаад нэрт яруу найрагчдын шинэ уран бүтээлийг сурталчилан таниулах, иргэдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, уран сайхан, утга зүйн таашаал олгох, төрөлх нутаг, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж байгаагаа аймгийн Номын сангийн захирал, яруу найрагч А.Байгалмаа дурдаж байсан.

Уран үгсийн чуулганд Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Дан.Нямаа, Ц.Хулан, Дарь.Сүхбаатар, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Түмэнбаяр, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Галсансүх, П.Нямлхавга, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны гүйцэтгэх захирал, яруу найрагч М.Саруулдалай, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмоо, Н.Гантулга, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэг, Б.Болорцэрэн нарын 20 орчим яруу найрагч хүрэлцэн очсон бөгөөд Дорноговийн уугуул найрагчид угтан авч, дуу хоолойгоо нэгтгэсэн юм. 

Цар тахлын нөхцөл байдал хүнд, үүнээс үүдсэн санхүүгийн бэрхшээл хаа сайгүй байхад төсөв хөрөнгө гарган, нэртэй уран бүтээлчдийг нутгийнхаа уншигчидтай уулзуулсанд иргэд олон нийт таатай байгаагаа дуулгаж байв. Сүүлийн хоёр жилийн турш урлаг соёлын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаагүй учраас олон нийт ч уран үгсийн чуулганыг шимтэн үзсэн. Тэр тусмаа Дорноговь аймгийн иргэд эртнээсээ утга, уран зохиолд шимтэн дурладаг, ус нутгаасаа төрөн гарсан нэр зүстэй яруу найрагчид, зохиолчдын бүтээлийг ам дамжуулан ярьдаг түмэн билээ.  

Ийм л түмний дундаас ноён хутагт Д.Данзанравжаа, Хуульч Сандаг, Н.Надмид, Ардын уран зохиолч Б.Догмид, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Шартолгой, Г.Жамъян, Ш.Гүрбазар, Х.Цэрэндорж, А.Эрдэнэ-Очир, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг, доктор Ж.Батбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч С.Чулуун, Ш.Энхбаяр, Л.Эрдэнэбат, А.Байгалмаа, Б.Чулуунцэцэг, Сэр-Одын шагналт яруу найрагч Б.Лхагвадорж, Э.Эрдэнэдалай, Үндэсний чөлөөт зохиолчдын холбооны шагналт яруу найрагч Э.Анхбаяр гээд олон уран бүтээлчдийг нэрлэж болно.

Аймгийн утга зохиолын “Хурмаст тэнгэр” төвөөс утга зохиол, яруу найргийн галыг таслалгүй хойч үедээ өвлүүлэн үлдээж, залуу авьяастнуудаа нээн илрүүлдэг уламжлалтай билээ. Тиймдээ ч олон арван залуус уран зохиолд шимтэн дурлаж, өдгөө нэр зүстэй уран бүтээлээ туурвиж байгааг дуулгахад таатай байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top