Монголын контемпрари балетын хөтөлбөр (МКБХ)-өөс санаачлан нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран Хас” сонгодог бүжгийн жүжгийг арванхоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд толилуулах гэж байна.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Энэ жил тус хөтөлбөрийнхөн “Чулуун” сантай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Уран Хас” контемпрари балетыг Монголын урлагийн зөвлөлийн санаачилсан “Моушн Монголия” контемпрари бүжгийн олон улсын II-р наадамд зориулан бүтээсэн ч цар тахлын улмаас хойшлоод байжээ. Улмаар энэ онд багтаан танилцуулж буй аж.
Энэхүү бүтээлийг Монголын урлагийн зөвлөл, “Лиссом” балет студи болон MARS-V төслийн хамт олон дэмжиж, хамтран ажилласан байна. Харин жүжгийг хөгжмийн продюсер, хөгжимчин, дижэй Э.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, залуу дэглээч Ё.Дамчаабадгар орчин үеийн Хасын тухай шинэ цомнолын дагуу дэглэж найруулан, МКБХ-ийн бүжигчид амилуулжээ.
Бүжигт орчин үеийн бүтээлч залуу Хас хүлээн зөвшөөрөгдөхгүй, бусдын хандлагаас хамааралтай байгаадаа хэрхэн шаналж байгаа, дурлалт бүсгүйтэйгээ хамт бэрхшээлийг даван туулж амжилтад хүрч буй тухай өгүүлнэ. Хас бол өнөөдөр бидний дунд ажиллаж, амьдарч, дэлхийн төвшнөөс халин, даван сэтгэж байгаа шинийг санаачлагч, оюуныг бүтээгч залуучуудын төлөөлөл юм.
Өөрсдийгөө хайрцаглаж бусдын бодож, хэлж байгаагаас хамааралтай байгаа нь бидний толгойд л байдаг юм байна гэдгийг Хас, Хандармаа хоёр ухаарна. Энэ асуудал нь бидний дунд аль хэдийнэ бугшиж аливаа салбарын хөгжил дэвшлийг уяж хязгаарлаж байгааг уран бүтээлч залуус олж харж, бусдад хандан өөртөө илүү итгэлтэй, зоригтой, хүчтэй, хөдөлмөрч байхад ард нь амжилт угтаж авна гэдгийг ойлгуулахыг хичээжээ.
Сэтгэгдэл ( 0 )